МАХН: Засгийн газар иргэдийн 70-аас доошгүй хувийг 5 сарын 15-нд багтаан вакцинжуулахыг шаардаж байна

Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан гаргав-

Саяхан Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдан ажилдаа орлоо. Хэдийгээр энэ Засгийн газар шинэ гэсэн тодотголтой боловч үнэн хэрэгтээ түүний бүрэлдэхүүний ихэнх нь хуучин Засгийн газрын гишүүдээс бүрдэж байгаа юм. 

МАХН шинэ Засгийн газарт хандан дараах ажлыг эн тэргүүнд хийхийг зөвлөж байна. Үүнд:
1. Дэлхий дахинд тархаж, өнөөдрийн байдлаар нийт 106 (нэг зуун зургаа) гаруй сая хүнд халдварлаж, 2.3 (хоёр аравны гурван) сая хүний амь насанд хүрсэн Ковид-19 цар тахлын учруулж буй аюул занал бараг бүх улс орны эдийн засгийг хямралд оруулж, иргэдийн ажлын байрыг хааж, хүн амын орлогыг бууруулжээ. Энэхүү халдварт өвчний аюулыг зайлуулан хүн амыг хүнд нөхцөл байдлаас ангижруулан гаргах цорын ганц арга зам нь тухайн улс орны нийт иргэдийн 70-аас доошгүй хувийг вакцинжуулах явдал мөн гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна.Дэлхийн хөгжилтэй улс оронд коронавирусын эсрэг вакцин боловсруулан гаргаж, үйлдвэрлэж, зарим улс орон нийт иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимтэй явуулж байна. Одоогийн байдлаар 73 улсад вакжинжуулалт эхэлсэн бөгөөд улс орнуудын нийт иргэдээ вакцинжуулсан хувь дараахи байдлаар гарч байна. Үүнд: Израил улсад нийт хүн амын 63 хувь, АНЭУлсад-43 хувь, Их Британид Улсад -18 хувь, АНУ-д-12 хувь тус тус вакцинжуулалтад хамрагдсан байна.
Эдгээр тоо зарим улс орон коронавирусын цар тахлын аюулаас иргэдээ ангижруулан салгах богино, дунд, урт хугацааны бодлогыг эртнээс боловсруулан баталж амжилттай хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Тухайлбал, Израил улс удалгүй нутаг дэвсгэртээ коронавирусын цар тахлын тархалтыг таслан зогсоох боломжтой болох нь байна.
Харамсалтай нь Монголын өнөөгийн төр, засагт ийм тодорхой бодлого байхгүй нь саяхан Засгийн газар огцорсон хариуцлагагүй үйлдлээс тодорхой харагдаж байна. Одоо алдагдсан цаг хугацааг нөхөж вакцинжуулалтын ажлыг эхлэхийн тулд юуны түрүүн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарлан хуралдуулж, төсвийн тодотгол хийж, хөрөнгө оруулалтын зардал хэмээн 2021 оны Монгол Улсын төсөвт төсөвлөн суулгасан 3.5 их наяд төгрөгийн 30-аас доошгүй хувийг хэмнэж, тэндээс вакцин худалдаж авах эх үүсвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
Өнөөдөр коронавирусын цар тахал нийт иргэдийн амь нас, эрүүл мэнд, ажлын байр, орлогод бодитой эрсдэл учруулж байгаа энэ хүнд үед хөшөө дурсгал, албан конторын байрыг босгохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах гэж муйхарлан зүтгэх нь улс төр-ёс суртахуун, нийгэм, эдийн засгийн аль ч талаас туйлын хариуцлагагүй үйл ажиллагаа болно гэдгийг шинэ Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, гишүүдэд анхааруулж байна. Харин ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж ийм хариуцлагагүй үйл ажиллагаанаас татгалзваас 1.2 орчим их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 410 орчим сая ам.долларын эх үүсвэр шинээр гарч ирэх, энэ мөнгөний нэг хэсгээр иргэдийн 70-аас доошгүй хувийг вакцинжуулахад хүрэлцэхүйц тооны вакциныг гадаадаас худалдаж авах боломжтой болно.
Гэтэл хуучин Засгийн газрын баримталж байсан байр суурийг үргэлжлүүлэн хадгалж ДЭМБ, гадаадын улс орнуудаас хандиваар вакцин авна хэмээн хүлээсээр байх нь коронавирусын цар тахлын хүнд нөхцөл дахин бүтэн хоёр жилийн хугацаанд хадгалагдсан хэвээр байх байдлыг бий болгож энэ бүхнээс үүсэх гарз хохирлын хариуцлагыг шинэ Засгийн газар үүрнэ гэдгийг мэдэгдэж байна. 
МАХН шинэ Засгийн газар нийт иргэдийн 70-аас доошгүй хувийг вакцинжуулах ажлыг нэн даруй, тухайлбал энэ оны тавдугаар сарын 15-нд багтаан хийхийг шаардаж байна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд, 800 мянган жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажлын байр, бүх айл өрхийн орлого хөндөгдөж байгаа энэ чухал асуудлыг нэг ч хоног алдалгүй шийдвэрлэх нь энэ Засгийн газрын нэн тэргүүний үүрэг мөн гэж үзэж байна. 
2. Үр ашиг муутай хөрөнгө оруулалтын 3.5 их наяд төгрөгийн 30-аас доошгүй хувийг хэмнэснээр вакцинжуулалтын ажлыг хийхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчид ялангуяа ажлын байр хадгалсныг нь дэмжих хөрөнгийн шинэ эх үүсвэр гарч ирнэ. Энэ эх үүсвэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй (жилийн 3-аас илүүгүй хувьтай) зээл олгох ажлыг нэн даруй хийхийг Засгийн газарт зөвлөж байна.
3. Коронавирусын цар тахлын үед хамгийн хүнд цохилтод өртсөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн байдлыг улам хүндрүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар өсгөн нэмэгдүүлсэн УИХ-ын шийдвэрийг эргэн харж, коронавирусын цар тахлын аюулыг шуурхай вакцинжуулалтаар арилгах хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хууль эрх зүйн зохицуулалт шинээр хийхийг өнөөгийн УИХ, шинэ Засгийн газарт зөвлөж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийг бодитойгоор дэмжих, тэд ажлын байр хадгалсны төлөө хохирохгүй байх, коронавирусын хүнд үеийг хохирол багатай давж туулах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
4. Хэний ч оролцоогүй бий болсон байгалийн баялгийн өмчлөл, эзэмшлийн асуудал коронавирусын хүнд үед ихээхэн чухал болох нь улам тод томруун харагдаж байна. Ялангуяа, нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор байгуулагдсан “Оюутолгойн ХОГэрээ”, түүнтэй уялдаж байгуулагдсан “Дубайн гэрээ”-г өөрчлөн сайжруулах, эсхүл хүчингүй болгож шинээр сайжруулан байгуулах ажлыг нэн даруй хийх шаардлагатай байгаа нь нийт монголчуудад ойлгогдсон байна. Ингэвээс Оюутолгойн ордоос орж ирэх орлого эрс нэмэгдэж коронавирусын хүнд үед нийт ард түмний ихэнхийг ядуурлаас аврах бодит нөхцөл бүрэлдэх болно. Одоогийн УИХ, шинэ Засгийн газар “Оюутолгойн ХОГэрээ”-г өөрчлөн сайжруулах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох асуудлаар ард нийтийн санал асуулгыг нэн даруй зохион байгуулж иргэдийг бухимдуулж байгаа энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.5. Коронавирусын цар тахлын үед эмнэлгийн байгууллага, тэнд ажиллагсдын нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг шийдвэрлэхийн сацуу эрүүл мэндийн байгууллагын хүнд суртлыг арилгах, иргэдийн дунд өвчлөл, үхлийн тоогоор толгой цохиж байгаа зүрх судасны өвчин, хавдар, ослын асуудалд онцгой анхаарч, эдгээр аюул, эрсдэлд өртсөн хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээг түргэн шуурхай болгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шинэ Засгийн газарт зөвлөж байна.
МАХН өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлын хамгийн чухал нь гэж хэлж болох дээрх асуудалд нэн даруй анхаарлаа хандуулж ажиллахыг шинэ Засгийн газарт зөвлөж энэ МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна. 
Сайн үйлс дэлгэрэх болтугай! 
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ