Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн зохицуулалтыг хийх нь
Оюуны өмч нь улс орны эдийн засгийн өсөлтөд асар их нөлөөлдөг. Дэлхийн том том компаниуд өөрсдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үргэлж судалгаа-боловсруулалтын ажил гүйцэтгэж, патент болон зохиогчийн эрхийн хамгаалалт авч байдаг бөгөөд компанийнхаа нүүр царай болох барааны тэмдэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн үнэ цэнийг өсгөдөг. Өөрөөр хэлбэл оюуны өмчийг үр дүнтэй ашигласнаар компаниуд илүү нэмүү өртгийг бий болгож, тогтвортой өсөх үүд хаалгыг нээдэг юм.Харин манайд энэ төрлийн зохицуулалт хийгдээгүй өнөөдрийг хүрсэн юм.
Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.
Иймээс энэ чиглэлд зохицуулалт хийхээр Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр товлоод байна.
Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна.
Энэ мэт зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар:
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;
- Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;
- Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;
- Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.