Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн гаралт буурсан байна
Энэ оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой нь ЭНД харьцуулахад нийт 13746 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 56.9 хувиар буурсан байна. Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор нийт зөрчлийн гаралт Нийслэлд 66.5 хувиар, орон нутагт 35.7 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 97.95 хувийг, Мэргэжлийн хяналт 0.72 хувийг, Онцгой байдал 0.09 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.24 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 6.2 хувиар өсөж, шийтгүүлсэн хүн 58.5 хувиар буурч ихэнх төрлийн зөрчлийн гаралт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 61.9 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 38.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 34.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 33.3 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 30.3 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 27.2 хувиар тус тус буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.
Мөн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 17.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 9.4 хувиар, Хулгайлах зөрчил 7.7 хувиар, Танхайрах зөрчил 4.9 хувиар тус тус буурчээ.
Харин өмнөх долоо хоногт үйлдэгдээгүй Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 8 удаа гарчээ.
Сүүлийн үед тоо хэмжээ нь байнга нэмэгдсээр байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт хорио цээрийн дэглэм барьж, хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Нийслэлд 2.6 дахин, Орон нутагт 38.9 хувиар буурсан дүнтэй байна.