Е-оffice систем нэвтэрснээр албан бичиг баримтын хүлээгдэлгүй болно
Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice системийг боловсруулан нэвтрүүлж байна. Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад: "Е-оffice системийг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр жилийн өмнөөс энэ системийг боловсруулах судалгааны ажил хийж эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан уг системийг боловсрууллаа. Е-оffice системийг нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээгдэл арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Энэ системийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан. Ингэснээр систем рүү нэвтрэхэд мэдээллийн бааз дугаарлагдсан эсэх, мэдээллийн сан нь зөвхөн программаар нэгтгэгдэх зэрэг хэд хэдэн тавигдах шаардлагыг хангасан. Энэ систем нь дотроо бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан, хэрэглэгчдэд хүргэх вэб программ гэсэн хоёр хэсэгтэй. Систем нэвтрүүлж буйтай холбоотой олон санал ажилтнуудын зүгээс тавьж байгаа. Тодруулбал, Е-оffice системээр дамжуулан ажил үүргийг цахимаар хуваарилах, илүү боловсронгуй болгох, өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэх гэх зэргээр бидэнд хандаж байна. Тиймээс илүү сайжруулахаар хичээж байна” гэж хариулав.М.Балжинням