Хилийн чанадад байгаа иргэдэд хүргэх төрийн цахим үйлчилгээний төрлийг тодорхой болгоно
Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт ГХЯ-нд энэ сарын 2-нд боллоо.
Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Цахим үндэстэн” цогц бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо. Мөн Гадаад харилцааны яамыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д нэгтгэх, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүргэх төрийн цахим үйлчилгээний төрлийг тодорхой болгон хэрэгжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл солилцож, цаашид хийх ажлын талаар тохиролцов.
Түүнчлэн “E-Mongolia” цонхоор дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд хүргэх хүрээнд монгол иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг хялбаршуулахаар тогтов.