Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ



УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа. 
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийхээр заасантай холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс санал хэлсэн бөгөөд УИХ-ын даргаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гишүүдээс гаргасан санал болон төсөл, түүний хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын дэд хэсгийг байгуулан ажиллалаа хэмээн танилцуулсан юм.
 
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед тогтоолыг дагаж мөрдөх хугацаа, тогтоолын хавсралтад “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалттай холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэмэх болон хавсралтаас зарим давхардсан хуулийн төслийг хасахтай холбоотой зарчмын зөрүүтэй 4 санал, тогтоолын төслийн хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай нийцүүлэх найруулгын шинжтэй 3 бүлэг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа. 
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 
Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 
Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн. 
Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Сангийн сайд мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д тавигдах хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулиудын төслийг боловсруулсан гэлээ. 
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим нэр томъёог тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад тодорхой зөвлөмжүүдийг ирүүлж байгаа бөгөөд тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэхэд ахиц гарахгүй байгааг дурддаг, үүнийг хуулийн төслөөр шийдвэрлэсэн эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саарал жагсаалтаас гарах талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд авлигын гэмт хэргээс үүдэлтэй эдийн засагт учирч буй хохирол, түүний тооцоо, судалгаа, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдсэн байдал яагаад тийм цөөн байгаа талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. 
2015 онд Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон.
Эдгээр сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсч буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулсан юм гэлээ.
Тиймээс Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхой болгох, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн явц, түүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад чиглэсэн тусгайлсан хууль боловсруулах шаардлагын үүднээс УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна гэлээ. 
Хуулийн төслүүдийн талаар улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж саналыг тусгаад байгааг дуулгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудын чиг үүрэг, түүнд холбогдон гарах зардал, зохион байгуулалтыг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг харьяалан шиыдвэрлэх байгууллага, гомдол маргаан хянан шийдвэрлэх журмыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар оруулсаныг мөн онцолсон. 
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд сонгуульд оролцож саналаа өгөх зохицуулалтыг боловсронгуй болгожээ.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм. 
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ