Монгол улс, азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ойн үйл ажиллагаа эхэллээ

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2021 оны 3 дугаар сарын 12) — Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойд зориулан бүтэн жилийн турш зохион байгуулах цуврал арга хэмжээг нээж, АХБ Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран цахим хэлэлцүүлэг хийлээ.
Ойн ажлын хүрээнд АХБ-наас Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх хамтрагч талуудаа оролцуулан хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Үүнд, бүсчилсэн уулзалт-семинар, үндэсний хэмжээний тэмцээн уралдаан, өндөр түвшний хэлэлцүүлэг, хүндэтгэлийн арга хэмжээнүүд зэргийг төлөвлөөд байна. Өнөөдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “КОВИД-ын дараах шинэ эхлэл” сэдвээр сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа. Уралдааны талаар мэдээллийг эндээс авна уу.
“Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэв.
АХБ нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засагт суурилсан дундаж орлоготой улс болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эдийн засгийн бүтцийг шинэчлэн тогтворжуулах, институц, хүний нөөцийг бэхжүүлэх, шилжилтийг амжилттай давахад шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд АХБ дэмжлэг үзүүлсээр ирсэн.
АХБ нь Монгол Улсын хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, нийгмийн хүртээмжтэй хөгжлийг цогцлоох, бүс нутгийн уялдаа, өрсөлдөх чадвар бүхий өсөлтийг бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэчилсээр байна. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тээвэр, хотын болон хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, харилцаа, холбооны технологи зэрэг салбарын төслүүдэд нийт 3.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг олгоод байгаа юм.
Засгийн газрын санхүүжилтээс гадна АХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд хамтран ажилладаг бөгөөд эрчим хүч, санхүү, аж үйлдвэр, худалдааны салбарт зээл олгох, хувьцааны хөрөнгө оруулалт хийх болон Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөрөө дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд болон түншлэгч банкуудад санхүүжилт олгодог. АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд олгосон хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 490 сая ам.долларт хүрээд байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ