Тонн тутамдаа 177-200кг дутуу, чанарын шаардлага хангахгүй арматур импортолж буй “Цамхаг гүүр” компанийн үйл ажиллагааг зогсоолоо
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нараар ахлуулсан Ажлын хэсэг чанарын шаардлага хангаагүй компаниудад шалгалт хийлээ. Уг шалгалтаар "Цамхаг гүүр” ХХК-ийн компанийн бүтээгдэхүүн нь тонн тутамдаа 170-200 орчим кг дутаж байсан бөгөөд шинжилгээгээр механик шинж чанарын алдагдалтай гарлаа.
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг: Арматур импортлогч аж ахуйн нэгжүүдэд удаа дараа шалгалт хийж байна. Энэ сарын 05-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай "Цамхаг гүүр” ХХК-д туршилт хийсэн. Ингэхдээ арматурын дээж бүрээс нэг метрийг лабораторид шинжлүүлж, мөн тухайн газар дээрээ кранаар хэмжиж үзсэн. Шалгалтаар тонн тутмаасаа дутаж, механик шинж чанар нь алдагдсан нь тогтоогдсон. Тухайлбал, наймын арматур нь тонн тутамдаа 6 кг орчим, 25-ын арматур 190 кг, 18-ын арматур нэг багцдаа 632 кг дутуу байна. Энэ нь тонн тутамдаа 177-200 кг дутуу байна гэсэн үг юм. Энэ нь цаашлаад барилгын чанарт нөлөөлөх, хэрэглэгчид хохирох эрсдэлтэй. Өнгөрсөн онд "Цамхаг гүүр” ХХК нь 24 мянган орчим тонн арматурыг тонн тутамдаа 2,1 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Компанийн зүгээс Хятадын Тяньшианаас импортолж байхдаа мэдээгүй гэсэн тайлбарыг мэдүүлсэн.
Үүнээс гадна ШӨХТГ-тай хамтран 2020 оноос хойш худалдаж авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хохирлыг барагдуулах, барилга байгууламжид хэрэглэсэн бол зураг төслийн тооцоог дахин шинээр хийлгэх арга хэмжээг авна.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар: Манай хэлтэс барилга угсралтын явцад хяналт шалгалт хийдэг байсан. Түүгээр зөрчил дутагдал илэрдэг. Харин импортоор орж ирж байгаа арматур дээр шалгалт хийхэд их зөрчил гардаг боллоо. Засгийн газраас аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих ёстой гэж үзээд хилээр шалгах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг цөөрүүлснээр арматурыг хилээр шалгахгүй оруулж ирдэг болсон. Үүнийг далимдуулан ААН-үүд шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг болсон нь харамсалтай.
Бид "Цамхаг гүүр” ХХК-д зөрчлийн хэрэг нээгээд, үйл ажиллагааг нь зогсоож байна. Мөн торгууль ногдуулна. Цаашид худалдаж авсан байгууллага, барилгадаа ашигласан газрыг олж хохирлын хэмжээг тооцоолох, барилгын үнэлгээ дахин хийлгэх зэрэг ажлууд хийгдэх ёстойг хэллээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ