Монгол улсын шадар сайд төв аймагт ажиллалаа

Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр Улсын онцгой комисс шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд хэлээд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношилох, эмчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дархлаажуулалтыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов. Мөн аймгийн Онцгой комисст халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хүлээлгэж өглөө.
Тэрээр өвөлжилт, хаваржилт, тариалалтын талаар мэдээлэл сонслоо. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагийн 370 мянга нь бусад аймгаас ирсэн отрын малчдынх юм. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалтад 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоо гарчээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

