Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ үеэр ШИНЭ намын дарга Ж.Батзандан, Л.Болд нар ахмадуудыг ялгаварлахгүй байхыг шаардаж буйгаа илэрхийлэв. Үүний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төгсгөлд нь хуулийн төслийг бүхэлд батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл зээлийн үлдэгдэлтэй ахмад настны зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх юм. Мөн ахмад настан жилд нэг удаа зургаан сараар тэтгэврийн зээл авахаар болов. Харин зээл аваагүй 194 мянган иргэнд 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд нэг сая төгрөгийг олгохоор боллоо. Хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх юм байна.
Хуулиар дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг тэглэнэ. Тодруулбал,
- Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
- Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
- Нийгмийн даатгалын сангаас олгодог “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээ барьцаалан зээл авсан бол,
- Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол зээлийг нь нэг удаа тэглэх юм.