Ц.Нямдорж Эрдэнэтэд БААТАР-ын дүрээр ирэх үү?

Эрдэнэт хотын хувьд ирэх сонгуулиар АН-аас аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, аймгийн МоАХ-ны дарга Д.Өсөхбаяр, ерөнхий сайд асан Р.Амаржаргал зэрэг хүмүүс горилж буй дуулдана. МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх мэт горилогчид яригдаж буй. Мөн ШИНЭ нам, БНН, ИЗНН гээд олон улстөрийн хүчин бий. Эдгээрээс эрх баригч МАН-ын нэр дэвшигчид сонирхол татна.
МАН-аас Эрдэнэтэд нэр хүндтэй эрхмүүд өрсөлдөхөөр ирэх бололтой. Хуучин түшээдээс О.Содбилэг тойрогтоо ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол Д.Дамба-Очир тойрог сэлгэж Дундговийг бараадах болсон. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар нам итгэл хүлээлгэвэл үзээд алдахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа. Эрдэнэт гурван мандаттай. МАН-ыг төлөөлж Эрдэнэтэд хүч үзэх багийг туршлагатай хүн толгойлох сураг дуулдав. Тэр хүнээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодорч байгаа бололтой. Учир нь сонгуулийн тойргийн хуваарилалтаар нийслэлийн мандатынтоо цөөрснөөр өмнөх сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдсон Ц.Нямдорж гишүүн ийнхүү орон нутгийг зорих шаардлага үүссэн байна.
Ц.Нямдоржийн хувьд "Намайг хамгийн хүнд тойрогт илгээ” хэмээн намдаа томордог нэгэн. Тэрбээр УИХ-д зургаан удаа сонгогдохдоо хамгийн адармаатай тойргуудаас өндөр саналаар сонгогдож байсан гэдэг. Нөгөөтээгүүр Ц.Нямдорж Эрдэнэттэй зөвхөн "шахаа” хийдэг хүүгээрээ холбогддог юм биш. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжихэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэдгээ өөрөө ч хэлдэг. Тиймээс Эрдэнэтийн сонгогчдоос өндөр үнэлгээ авна гэсэн улс төрийн тооцоо хийсэн байж таарах нь. Улмаар Эрдэнэтэд "баатар”-ын дүрээр ирэхээр төлөвлөж байж болох юм.
Үндсэндээ 2020 оны сонгуулийн хувилбар нь МАН-ын 2008 онд олонх болж байсан сонгуулийн хувилбартай адил юм. Тухайн жилд 26 томсгосон тойргоор сонгууль явуулсан бөгөөд МАН /хуучнаар МАХН/-аас 45 гишүүн сонгогдож, засгийн эрхийг авч байв. Энэ жишгээр ахмад гишүүдээр удирдуулсан багийг тойрог бүрт илгээх төлөвлөгөөг МАН боловсруулсан нь ийнхүү Эрдэнэтэд хэрэгжих гэж байна.