СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар танилцуулав. Мөн дүүргийн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын болон агаарын бохирдолтой тэмцэх хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг илтгэж, санал солилцлоо.
Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга дагуу орхигддог хог хаягдлыг тогтмол цэвэрлэж байх эргүүлийн бүрэлдэхүүн гаргахыг хороодын Засаг дарга нартаа зөвлөлдөн бий болгохыг Агаарын бохирдолтой тэмцэх хэлтэст үүрэг болгов. Мөн иргэд олноороо цугларан үйлчилгээ авдаг харьяа хэлтсүүд болон эрүүл мэндийн байгууллагууд дотоод ариутгал халдваргүйтэлийг чанд сахиж, иргэдэд халдвар тараах эрсдэлээс бүрэн сэргийлж ажиллахыг зөвлөлөө.
Мөн өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврыг танилцуулан албажуулан, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах чиглэлээр хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгахыг үүрэг болгов.