БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Төв аймгийн сэргэлэн сум 1900 иргэнтэй ч 19 мянган газар олголт хийсэн байсан
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Шинэ Зуунмод” хот болон Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29, 30 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байна. Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөөд байгаа энэхүү газар амьдардаг Төв аймгийн Сэргэлэн сумын газар өмчлөгч, эзэмшигчдийн төлөөлөл дээрх шийдвэрийг хууль, журмын холбогдох зүйл, заалтуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж аймаг, сумын удирдлага, БХБ-ын сайдад санал, хүсэлт мэдүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрөгч 3 сарын 26-ны өдөр цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тус яам “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Энэхүү танилцуулгын хүрээнд тус асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах тайлбарыг өгч байна.
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгож олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган эдийн засгийн чөлөөт бүс, уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийд "Шинэ Зуунмод", “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэр гаргасан.
Шинэ хотуудыг байгуулахтай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын нутаг дэвсгэрт орших 12,084.9 га, Засгийн газрын 2018 оны 273 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар тус тус улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон. Мөн “Майдар” эко хотын хөгжлийн концепцийг орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөлтэй уялдуулан тогтвортой, нүүрс төрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй хот байхаар төлөвлөөд байна.
Ингэснээр Нийслэлийн хэт төвлөрлийг задлах, олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс болох “Шинэ Зуунмод”, “Майдар хот”, “Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод” хотыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор шийдвэрлэх юм.