“Huawei Mate 30, Mate 30 Pro” ухаалаг утсуудыг танилцуулжээ
Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компани Германы Мюнхен хотноо пүрэв гаригт /2019.09.19/ болсон арга хэмжээний үеэр “Mate 30”, “Mate 30 Pro” ухаалаг гар утсуудаа танилцуулжээ. Мөн үүнээс гадна “HUAWEI WATCH GT” шинэ загварын цагийг ч бас танилцуулсан байна.
Уг ухаалаг гар утас нь “Android” үйлдлийн системтэй утаснуудад урьдчилан суулгасан байдаг “YouTube”, “Google Maps”, “Gmail” зэрэг аппликэйшн байхгүй, 5G сүлжээ дэмждэг гэдгээрээ онцлог юм. Тус компани “Play Store”-ийн оронд өөрсдийн шинэ бүтээсэн “Huawei AppGallery” гэх шинэ аппликэйшнийг суулгажээ. “Huawei AppGallery” нь 45,000 аппликэйшнтай бол “Play Store” 2,7 сая аппликэйшнтай юм. АНУ, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайны нөлөөгөөр "Google" компани "Huawei"-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэхээс татгалзсан.
Нийт зургаан өнгөний сонголттой гарч буй “Mate 30” цувралууд нь “Kirin 990-д 5G SoC” процессор, 4,500-mAh батарэй, 16 мегапикселийн камер, 40 мешгапикселийн хэт өргөн хосолсон камертай, 6,5 инчийн OLED дэлгэцтэй юм байна. “Mate 30” загварын хувьд 799 еврогоос эхэлж байгаа бол “Mate 30 Pro” загвар нь 1099 еврогоос эхэлж байгаа аж.
Эх сурвалж: CNET