Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нарын тоглолтын гэнэтийн бэлэг юу байх вэ?
Үзэгч олны дуулах дуртай, зүрхэнд хоногшсон Хот айл, Ханийн жаргал, Ховорхон цэцэг зэрэг олон сайхан дууг түмэн олноо хүргэсэн СТА, дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нар "ДУУЛАХГҮЙ ЯАЖ ЯВАХ ЮМ БЭ?” уран бүтээлийн цэнгүүнээ өргөн барьж байгаа билээ.
Энэхүү тоглолт нь дуучдын маань хоёр дахь бие даасан тоглолт бөгөөд энэ сарын 16-нд "UB palace”-ийн концертын их танхимд 19 цагаас болох юм.
Б.Нямзагд Б.Хандмаа нарыг салгаж төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ удаагийн тоглолтоор дуучид маань тус тусдаа өөр дуучидтай хамтарсан шинэхэн дуугаа үзэгчиддээ хүргэхээр бэлтгэжээ. Түүнчлэн шинэ оны босгон дээр өлгийдөн авсан "Уруул өөрөө шувуу” хэмээх нэртэй цоглог хэмнэлтэй, утга төгөлдөр үгтэй дуугаа анх удаа тайзнаа эгшиглүүлэх юм.
Дуу хуур бол сэтгэлийг хөглөх шидтэй. Тийм ч болоод тэрхүү өдөр бүр л бидний аманд ямар нэгэн дуу, аялгуу үргэлж аялагдаж байдаг. Иймдээ ч дуучид маань "ДУУЛАХГҮЙ ЯАЖ ЯВАХ ЮМ БЭ?” хэмээх дуугаараа хоёр дахь тоглолтоо нэрлэсэн биз ээ.
Дуучид шинэхэн тоглолтоо 21 аймгийн үзэгч, сонсогчдоо хүргэхээр аян тоглолтоо хийх юм.