Ё.Баатарбилэг: Эх оронч үзлийн галыг бадрааж өглөө
"Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
"Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр" хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон талаар тодруулахгүй юу?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, энэ хүрээнд хүүхэд, залуусыг монгол хүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хоёр чухал ажлыг эхлүүлсэн. Юуны өмнө “Монгол ёс, хүмүүжил” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, 1-5 дугаар ангид сурах бичгийг нь хангалттай тоогоор хэвлэж өглөө. Энэхүү хичээл хүүхдийг аав, ээж, ах захаа хүндэлдэг, ахуй, соёлдоо ойрхон монгол хүн болон хүмүүжихэд дэм тусаа өгнө. Нөгөө нь Батлан хамгаалах яамтай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” юм. Дэлхий дахины хил хязгааргүй харилцаа, хэт хавтгай соёлын дунд монгол хүн монголоороо орших дархлааг буй болгоход энэхүү хөтөлбөр чиглэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаал 2019 оны 12 дугаар сард гарч, ажлын хэсгийг байгуулан үндэсний хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт"-ыг хоёр үе шаттайгаар зохион явууллаа. Сургалтын нэгдүгээр үе шатанд нийслэлд 28 мянга гаруй, хоёрдугаар шатанд хөдөө, орон нутгийн 25 мянга орчим сурагч хамрагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулж дуусаад байна. Тус лекцийн дараах үр дүнг хэрхэн харж байгаа бол ...
-Сургалтад хамрагдсан сурагчдын сэтгэгдлүүд уг хөтөлбөрийн үр дүнг нь илэрхийлж байна. Эх оронч үзэл гэдэг нь хогоо ил задгай хаяхгүй байх, усаа хайрлах, модоо хамгаалах зэрэг энгийн зүйлээс эхэлдэг гэж олон сурагч бичсэн байсан. Цэрэг, эх орноо хүндэтгэх, эх орныхоо түүх, соёл, эх хэлээрээ, монгол хүн болж төрснөөрөө бахархахын шалтгааныг энэхүү сургалт олон мянган хүүхдэд танин мэдүүлж, ойлгууллаа. Эх оронч үзэл нь хамгийн бодитойгоор илэрч байдаг цэргийн салбарт, ялангуяа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн офицер, ахлагч нар уг сургалтыг удирдсан нь онцлог байлаа. Энхийг сахиулагч багш нар маань Судан, Афганистан, Сьерра Леон зэрэг улсын нөхцөл байдал, амьдрах, сурах орчинг монгол хүүхдүүдийн амьдрах, сурах орчинтой харьцуулж, гэрэл зураг, дүрс бичлэг ашиглан тайлбарлаж, өөрт тохиолдсон бодит үйл явдлыг ярьж, тайлбарлаж өгсөн нь сурагчдын сонирхлыг үнэхээр их татсан байна лээ. Энхийг сахиулагчид сурагчдын асуултад хариулж, эх орон-эх оронч үзлийн талаар харилцан ярилцаж, мөн сургуулиудын түүх-нийгмийн ухааны багш нар “Улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо, эерэг зөв хандлага” сэдвээр мэдээлэл хийсэн нь сонирхолтой, шинэлэг, цогц арга хэмжээ боллоо.
Энэхүү хөтөлбөр нь анхны удаа маш олон хүүхдийг хамруулсан тухайд ...
-Яамдын хамтарсан ажлын хэсгээс хүргүүлсэн удирдамж, төлөвлөгөөний хүрээнд аймгууд өөр өөрийн онцлогтойгоор амжилттай зохион байгууллаа. Шинэ санаачилгууд ч энэ үеэр гарсан байна. Тухайлбал, Дорноговь аймаг Хилийн цэргийн булан байгуулж, Хил хамгаалах байгууллагын түүх, хилээс төрсөн баатруудаа сурагчдад танилцуулсан бол Төв аймаг “Эр цэргийн амьдрал, эх орны хүү” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, оны эцэст дүгнэж байхаар шийдвэрлэсэн байна. Зарим аймаг тус сургалтыг цаашид орон нутаг дахь цэргийн анги, салбарууд зохион байгуулах боломжтойг онцолсон байна лээ. Энэ бол маш том ажил болсны илрэл юм.
Тус хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг тээгч байх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангах зорилготой уг хөтөлбөр 2024 оныг дуустал хэрэгжинэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Батлан хамгаалахын мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй. Үндсэн дөрвөн зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. Төлөвлөгөөний дагуу шат дараатай хэрэгжээд явна. Тухайлбал, “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт"-ыг сая зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгууллаа. Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд хийхээр төлөвлөж байна.
Мэдээж, уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэр дундаа лекц уншсан энхийг сахиулагчдад хандаж хэлэх зүйл байгаа болов уу?
-Энэхүү арга хэмжээг хоёр яамны хамтарсан ажлын хэсгээс гадна Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хамт олон, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлага, Боловсрол, соёл урлагийн газар, Цэргийн штаб, ерөнхий боловсролын сургуулиудын хамтын зүтгэлээр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг хөтлөх гол ажлыг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай, Зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч хийсэн. Эх орны эзэд болох олон мянган сурагч багачуудын сэтгэл зүрхэнд гал бадрааж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг төрүүлээд ирсэн нийт офицер, ахлагч нартаа, зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлж байна. Эх оронч үзэл нь монгол хүн монгол хүнээ хүндэлж, бахархахаас эхэлнэ. Энэ үзлийг улам бүр бадрааж өглөө. Төслийг анх санаачилсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон тус яамны удирдлагын багийн хамт олонд БСШУСЯ-ны нэрийн өмнөөс, мянга мянган сурагч багачууд, сурган хүмүүжүүлэгчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хошууч Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Соёмбо" сонин