Нийт ажилтны 85% буюу 6147 ажилтан вакцинд хамрагдаад байна


Уурхайчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, цаг алдалгүй дархлаажуулах ажил идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд 6607 хүн вакцин хийлгэснээс 6147 ажилтан буюу нийт ажилтны 85% нь вакцинд хамрагдаад байна. Мөн үйлдвэрийн ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэр болон үйлдвэрийн газарт ажил, үйлчилгээ үзүүлдэг гаднын байгууллагаас 460 хүн вакцин хийлгэжээ. Цаашид гэрээт байгууллагууд, ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэрийн 3000 гаруй иргэдийг хуваарийн дагуу, шат дараатайгаар вакцинжуулалтад хамруулна. Одоогоор вакцинжуулах ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэдээ шинжилгээнд хамруулж, бүртгэлжүүлж дууссаны дараагаар дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр 5-р сарын 10 гэхэд үйлдвэрээр овоглосон бүх хүмүүс вакцинаа хийлгэж дуусах юм.  

Вакцинжуулах түр цэгт “Эрдэнэт” сувиллын цогцолборын 47 эмч мэргэжилтэн өртөө бүрд ажилтнуудын эрүүл мэндэд хяналт тавин ажиллаж байна. Зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцсан ажлын хэсэгт цех хэлтсийн дарга, ажилтнуудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуульд, “Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтын дагуу нийт ажилтнуудаа бүрэн дархлаажуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, өдөрт 500-600 ажилтныг хуваарийн дагуу дархлаажуулалтад хамруулж байна. 
Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар иргэн бүр эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэг хүлээдэг. 
Хориглох заалттай хүмүүс эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах эрхтэйг хуулинд тусгасан байдаг. 
Харин аж ахуйн нэгж, байгууллага нь сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтад дурдсан албан тушаалд уг тарилгад хамрагдаагүй иргэнийг ажилд авах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ гэж заажээ. 
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хамт олноо эрсдэлд оруулахгүйн тулд Үйлдвэрийн газраас зохион байгуулж байгаа вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг уриалж байна. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ