Н.Номтойбаярыг явуулах уу
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн юм.
УИХ-ын тухай хуулиар:
6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэх гэсэн боловч дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой байж таарав. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэй дэд хороо хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараагаар гадаад явсан. Харин Д.Лүндээжанцан, Ч.Улаан хоёр хуралд байлцаагүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Мөн хэрэг шалгагдаж дуусаагүй прокуророос нууцын зэрэгтэй ирсэн, нууцтай холбоотой асуудал учир ямар асуудлаар шалгагдаж байгааг мэдээлэх боломжгүй гэдгийг Ерөнхий прокурор хийгээд Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдэгдлээ. Ямартай ч хуулийн дагуу өнөөдөр Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.