Шилдэг иргэн 8.7 тэрбумын татвар төлжээ

Шилдгүүдийг дурдвал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал 8.738.9 сая төгрөгийн татвар төлснөөр 2020 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан байна. Мөн үндсэн дөрвөн төрөл тус бүрд том татвар төлөгч төрөлд “Skynetworks”шалгарсан бол дунд сегментэд “Барилга Архитектур ХХК” шалгарсан байна. Харин жижиг сегментэд “Хаан групп”, бичил сегментэд “Лимон фарм” тус тус шалгарчээ.
Мөн 2020 оны хамгийн их татвар төлсөн компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой” , “Оюутолгой”, “АПУ”, “Энержиресурс”, “Болдтөмөр Ерөө гол”, “Спирт бал бурам”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Хүрэн толгой коал майнинг”, “Тавантолгой” компани тус тус шалгарсан байна. Хамгийн их татвар төлсөн компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр харвал болосвруулах үйлдвэрийн хоёр, уул уурхайн найман компани байгаа юм. Эдгээр компаниуд Монголын татварын албаны татан төвлөрүүлдэг жилийн нийт орлогын 42.3 хувь буюу 2.2 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн байна. Цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч 2020 онд хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Хүрэн толгой коал майнинг”,“ХААН” банк, “Энержиресурс”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Тийсс Монгол”, “Бодь интернэшинл”, “Монголын алт МАК”, “М Си Эс Проперти” зэрэг компаниуд шалгарчээ. Үүнээс долоон компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа бол хоёр нь санхүүгийн үйлчилгээ, нэг нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна.
Цар талхын улмаас өнгөрсөн оны гуравдугаар улиралд 70 мянган ажлын байр хумигдсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн ажлын байраасаа 9568 ажлын байрыг нэмэгдүүлсэн арван компанийг хамгийн их ажлын байраа хадгалж үлдсэн компаниар шалгаруулсан байна. Үүнд “Тавантолгой түлш” ХХК, “Мобиком” ХХК, “Юнител”, “Номинхолдинг”, “Таванбогд Фүүдс”, “Өндөр алтайн зам”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Багануур”, “Жимобайл”, “Жүр-Үр” зэрэг компаниуд багтжээ. Татвар төлөгч иргэд, ААН-үүд И-баримт эсвэл татварын албаны цахим хуудсанд өөрийн татварын бүртгэлээрээ нэвтэрч 2020 онд төлсөн нийт татвараа харах боломжтой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин