Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр торгоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулж байна” гэлээ.
Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай “Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг тодотголоо.
Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
- Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
- 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
- 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч