Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна

Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур бүгд хагарсан учраас засах боломжгүй, солих шаардлагатай, хүүхэд бэртсэн тохиолдол ч гарсан. Цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлжээ. Иймд хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилт 80 орчим хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай. 60 орчим сая төгрөг төсөвлөж, засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хотын дарга өгсөн үүрэг, даалгаврыг дор бүрнээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн Энхтайваны гүүрний засварын ажлыг гүйцэд, шуурхай хийж дуусгахыг үүрэг болголоо. Хяналтыг сайн тавьж, шаардлагад нийцсэний дараа Улсын комисс хүлээж авахыг сануулсан юм.