“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүрээнд Төрийн банк 4204 зээлдэгчид 178,1 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Монгол улсын засгийн газраас ”Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд ажлын байраа тогтвортой хадгалж чадсан аж ахуйн нэгж, байгууллагуудад эргэлтийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү зээл олгож байна.
Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 15 мянган зээлдэгчээс нэг их наяд 292 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Үүнээс 4204 зээлдэгчид 178,1 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг олгоод байна гэж Төрийн банкны Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирал Э.Батбаяр хэллээ.
Төрийн банкнаас ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан “Баян Сэрх Хайрхан” ХХК үндсэн 3, гэрээт 10 ажилтантай бөгөөд хөл хорионы үеэр ажлын байраа тогтвортой хадгалж, ажилчдаа цомхотгоогүй ажиллажээ. Тус компанийн хувьд Төрийн банкинд цахимаар хүсэлтээ гаргаад 200 сая төгрөгийн зээл авснаар хоёр салбар нэмж байгуулан, ажлын байраа нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа “Баян Сэрх Хайрхан” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганжаргал онцолж байлаа. Хөл хорионы үеэр Төрийн банктай цахимаар холбогдож хүндрэл чирэгдэлгүйгээр зээлд хамрагджээ.

ТӨР.МН
С.Нандинцацрал


скачать dle 12.0

Холбоотой мэдээ