Газын зурваст гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлжээ
Газын зурваст Израил, Палестины бүлэглэлүүдийн хооронд гал зогсоох тохиролцоо баасан гарагт Палестин, Израилын цагаар 02:00 цагаас хэрэгжиж эхэллээ.
Израил, Палестины бүлэглэлүүд 11 хоногийн турш харилцан пуужингийн цохилт өгсний эцэст Египет улсын идэвхтэй зуучлалтайгаар гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Пүрэв гаргийн орой Израилын цэрэг-улс төрийн явцуу танхим тусгай хуралдаанаараа дангаар гал зогсоох шийдвэрийг баталсан байна. ХАМАС хөдөлгөөнийхөн Каирын зуучлалаар гал зогсоохыг зөвшөөрчээ.
Египетийн төрийн телевизээр мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Газын зурваст гал зогсоох дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих төлөөлөгчдийн хоёр багийг Палестин, Израил руу илгээхийг үүрэг болгосон байна. Каир дахь албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, “нэг баг нь Рамалла хотод хэдийнэ оччихсон байгаа бөгөөд гал зогсоох асуудлаар Палестины талтай холбоо тогтоосон бол хоёр дахь баг нь яаралтай Тель-Авив руу хөдлөх аж”. Египетийн төлөөлөгчид тохиролцоог хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавихаас гадна тогтвортой байдлыг байнга хадгалах арга хэмжээний талаар тохиролцох ёстой юм.
Үүний зэрэгцээ мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд харилцан пуужингийн цохилт сүүлчийн мөч хүртэл үргэлжилсэн байна. Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос 12 минутын өмнө Израилын арми өмнөд бүс нутаг руу нь пуужин харвасан тухай мэдээлжээ.
Израил-Палестины мөргөлдөөн тавдугаар сарын эхээр дахин хурцдаж эхэлсэн бөгөөд энэ сарын 10-наас харилцан пуужингийн цохилт өгч эхэлсэн юм. Энэ нь Зүүн Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тодруулбал, тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийн улмаас эхэлжээ. Энэ хугацаанд Израил руу 4 мянга гаруй пуужин харвасан бол Газын зурвасын хэдэн зуун обьект Израилын цохилтод өртсөн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, мөргөлдөөний үеэр амиа алдсан палестинчуудын тоо 232-т хүрч, 1900 хүн шархаджээ. Баруун эргийг оруулаад Палестины нутаг дэвсгэрт нийтдээ 260 хүн амиа алдсан байна. Израилын талаас 12 хүн амь үрэгджээ.
Түүнчлэн Газын зурваст 1800 орчим орон сууц бүрэн сүйдэж, 16 800 байшин хэсэгчлэн эвдэрчээ. Орон сууц, дэд бүтцийг сэргээхэд дор хаяж 350 сая ам.доллар шаардагдах аж.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг