Төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулсан. Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллахыг даалгасан юм.
Элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд үүрэг болголоо. Мөн инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС