Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино
Сурагчдын хандлага, Багшийн заах аргазүй өөрчлөгдөж “ЗӨВ МОНГОЛ ХҮН” төрөн гарч байна. Ерөнхий боловсролын 30 сургуульд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжиж эхэлснээр байгаль, эх дэлхийгээ хайрлаж, соёл уламжлалаа дээдлэн, зөв дадал хэвшлийг түгээх МАНЛАЙЛЛЫГ сурагчид түүчээлж эхэллээ.
Боловсролын салбар хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэн, тогтвортой хөгжлийн боловсролын арга зүйг хэрхэн тусган ажиллаж байгаа талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-2015 оноос эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж, хоёрдугаар шат үргэлжилж байна. Дэлхий нийт тогтвортой хөгжлийн боловсролд ихэд анхаарч, тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна. Монгол улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, аргазүйг хэрхэн тусган ажиллаж байна вэ?
-Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II дугаар үе шатыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, бүх түвшинд хэрэгжилтийг бодит болгоход энэ төслийн үр дүн чиглэгдэнэ.
Улаанбаатар хот болон 6 аймгийн 30 сургуулийг сонгон авч “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын жишиг сургууль болгохоор ажиллаж байна. Төслийн эхний үе шатанд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад яаж тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгах вэ? Одоо хэрэглэгдэж буй 140 мянган сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрхэн яаж шингээх вэ? гэдэгт нэлээн анхаарч ажилласан. Энэ чиглэлээр сурах бичиг, сургалтын хөтөлбөр агуулгын талаар зохиогч нартай хамтарч ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр шатны үр дүнд бичиг баримтын түвшинд ахиц дэвшилттэй ажилласан гэж хэлж болно. Харин одоо үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн хүртээл болгоход энэхүү төслийг чиглүүлж ажиллах юм.Хүмүүсийн хязгааргүй хэрэгцээг хяз гаартай нөөцөөр хэрхэн өөрийнхөө хэрэглээг зөв зохистой зохицуулж, ажиллаж амьдрах, байгаль эх дэлхийгээ хайрлах, байгалийн баялаг, нөөцийг зөв зохистой ашиглахыг тогтвортой хөгжлийн боловсрол гэж ойлгож болох юм.
-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд сургуулиудад ямар өөрчлөлт гарав?
-Хүүхдүүд байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалдаг, хувь хүн өөрийгөө удирдаж, зөв залан байгаль болоод нийгэмд өөрийнхөө байр суурийг олох зэргээр жишээ даалгавруудыг сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичигт оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн тоо, үсэг заах биш зөв хүн байх, зөв хандлагатай, зөв дадал хэвшилтэй, зөв хүн болж төлөвшихөд чиглэж ажилласан.
Манай сургуулиуд Тогтвортой хөгжлийн концепц, үзэл санааг сургалтын хөтөлбөр, агуулгадаа маш сайн шингээж өгсөн. Хүүхдүүд, сурагчид маань ч гэсэн идэвхтэй оролцож, өөрчлөгдөж байгаа. Гэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд зөвхөн боловсролын байгууллагууд биш тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжүүд, эцэг эхчүүд, хүүхдүүдийн хамтын оролцоо чухал юм.
-Та хамтын оролцоо, түншлэл чухал гэдгийг тодотголоо. Өнгөрсөн тавдугаар сард “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган болж олон талын оролцогчдыг хамруулах шиг болсон. Үр дүн юунд байв?
-“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга-түншлэл” цахим чуулганыг бид тавдугаар сард 5 өдөр зохион байгуулсан. Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг ярих нь боловсролын салбарын эсвэл тухайн сургууль цэцэрлэгийн асуудал биш учраас салбар хоорондын уялдаа холбоог хангах нь чухал байсан юм. Иймээс дээрх форумыг зохион байгуулахдаа олон талын оролцоо, түншлэлийг хамруулахыг зорьсон.
Үнэхээр төрийн байгууллага ч, хувийн хэвшил нь ч, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус нь ч, сургууль, орон нутаг бүгдээрээ “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын үзэл баримтлал, арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлж бодит үр дүн гарсан байна.
Сүүлийн жилүүдэд батлагдан гарч байгаа боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг аваад үзвэл жендер, тэгш хүртээмжтэй байдал, орчин нөхцөл гээд тогтвортой хөгжлийн үзэл санаа хандлагууд бүх бодлогын баримт бичгүүдэд тодорхой түвшинд сууж шингэсэн.
Харин одоо “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийнхөө үр шимийг бусдад илүү өргөн хүрээгээр хүртээхээр зорин ажиллаж байна.
Тухайн аймаг, сум, дүүргийн засаг дарга, сургууль, боловсролын байгууллагуудтайгаа яаж хамтарч ажиллаж, ногоон хөгжлийн үзэл баримтлал, тэгш хамруулан сургах, жендерийн мэдрэмжтэй байх үзэл санааг хэрхэн тусгаж, хүн бүрд хүртээмжтэй боловсрол хэрэгжүүлж чадаж байгаагаар “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үр дүнд харагдана.
Энэ төслийн хүрээнд тодорхой хугацааны дараа түшиц сургуулиудад сайн туршлагууд бий болж Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд эцэг эхчүүд, багш нар оролцдог, сургуулийн удирдлагууд дэмждэг, орон нутгийн засаг захиргаа үүнийг нь ойлгодог, бүхий л шат, түвшинд уялдаа холбоотой ажиллаж, Монголын төр засгийн түвшинд ч, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд ч бий болсон байх болов уу гэж харж байна.
-Сүүлийн хоёр жилд цар тахлын сөрөг нөлөөнд сурагчид их өртлөө. Ялангуяа дунд болон ахлах ангийн сурагчид сэтгэл зүйн хямралд орж, ганцаардах, гутрах болсон гэж сэтгэл зүйчид хэлэх боллоо. Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад Сэтгэл зүйч ажиллуулж эхлэхээр болж байна. Энэ талаар?
-Нийгэм хөгжихийн хэрээр хүний амьдралын үе мөчлөг дагаад өөрчлөгдөж байна. Тухайлбал, 15 жилээр хүний амьдралыг хэмжих шинжлэх ухааны онолууд гарч ирсэн. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хоёрдугаар ангийн сурагчаас эхлэн түүнээс дээш 27 хүртэлх насны хүмүүсийг Z үеийнхэн гэж нэрлэж байна. Энэ хүмүүсийн анхаарал болон төвлөрөл нь богино хугацаанд мэдээллээ олж авч амьдралын хэв маяг нь дижитал болчихсон байна. Гэтэл одоо Альфа үеийнхэн гээд 15 жилийн дараагийн үеийн хүүхдүүд гараад ирлээ. Альфа үеийнхний эхний хүүхдүүд нь нэгдүгээр ангид элсэн орж байна.
Хүмүүсийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, сэтгэл санаа, хямрал гэдэг нь нийгэмд юу хэрэгцээтэй байна гэдгийг тодорхойлоод гаргаад ирж байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлгээний онцлог, хувийн амьдрал, нийгмийн оролцоонд гарцаа байхгүй сэтгэл зүйн асуудал чухал.
Нийгмийн сэтгэл зүйн асуудал өөрөө тогтвортой байна гэдэг нь тухайн хүн илүү тогтвортой, байгаль дэлхийдээ ээлтэй, бусдад ээлтэй байдлаар хөгжинө гэж харж “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн дэд тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.
Нэг ангийн 30 хүүхдэд нэг ижил арга барил, нэг ижил орчноор, уламжлалт арга зүйгээр хичээл сургалтыг удирдах нөхцөл байдал хязгаарлагдмал болж байна. Энэ үед тухайн хүүхдийн онцлогийг харсан, тухайн хүүхдэд тулгамдаад байгаа асуудлыг сонссон сургалтын арга барил боловсролын салбарт гарцаагүй хэрэгтэй. Тэгэхээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийнхөө хүрээнд энэ ажлыг эхлүүлж Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж, ЕБС-д ажиллуулж эхэллээ. Өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвартай, сэтгэл санааны хувьд тогтвортой, бусадтай харьцах, байгальтай харьцах, зөв зүйтэй зүйлээр өөрийгөө удирдах, өөрийгөө чиглүүлж чадах ирээдүйг бэлтгэхийн тулд сэтгэл зүйн үйл ажиллагаа хамгийн чухал гэж харж байгаа юм.
-Анх удаагаа Боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэлж байна шүү дээ?
-Танхимын сургалт буюу нүүр, нүүрээ харсан амьд харилцааг гүйцэх хэмжээний Боловсролын арга технологи, сургалтыг одоо хүртэл олж чадахгүй байна шүү дээ. Зайн сургалт бол улам л хүүхдийг дотогшоо, сэтгэл зүйн хувьд ганцаардмал, уйтгартай болгох сөрөг харилцаа руу оруулж байна. Ийм учраас бид гарцаа байхгүй үүнд анхаарлаа хандуулж, сургуульдаа яаж хурдан хугацаанд дасан зохицох, яаж хурдан хугацаанд багшдаа ээнэгшин дасах, би сурч чадна гэж итгэл төрүүлэхэд сэтгэл зүйчийн үүрэг оролцоо маш чухал.
“Ковид-19” цар тахлын дараах анги танхимын сургалтын үед багш нарт маш их ачаалал үүссэн. Өөрөөр хэлбэл 30 өөр нийгмийн сэтгэлзүй, 30 өөр гэр бүлийн орчноос, 30 өөр зан харилцаатай хүүхэд ороод ирэхэд тэднийг нэгтгэж нягтруулж, сургалтын үйл ажиллагааг хэвийн удирдана гэдэг бол багшаас маш их ур чадвар шаардана. Тиймээс сэтгэлзүйн дэд тогтолцоо боловсролд үүссэнээрээ нэгдүгээрт, багшийн сэтгэл зүйг хамгаалах, хоёрдугаарт, эцэг эхчүүдтэйгээ хамтарч ажиллахад, гуравдугаарт, тухайн хүүхдэд тулгамдаад байгаа сэтгэл зүйн асуудлыг зөв оношилж, зөв чиглүүлэхэд ач холбогдолтой юм.
Нэг ангид доод тал нь 30, цаашлаад 50, 60 хүүхэд орж ирнэ. Тэр хүүхдийн сэтгэл зүйг ойлгоогүй хугацаа алдсанаас болж тухайн хүүхдийн амьдралд ямар нэгэн асуудал үүсэхийг бид төсөөлшгүй учраас аль болох сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, цаашлаад эцэг эхчүүд багш нарын түвшинд энэ асуудлыг бүрэн жигд авч явахын тулд сэтгэл зүйн үйлчилгээг боловсролд нэвтрүүлж байна.
Боловсролын сэтгэл зүй бий болсноор боловсролын чанар, сургалтын менежментэд ахиц гарна. Наад зах нь сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт хүүхэд төвтэй болно. Бодлогын төвд хүүхэд байх учиртай.
-Онлайн хичээлд хүүхэд бүр хамрагдаж чадаагүй. Амьд харилцаа байхгүйн улмаас хоцрогдол бий боллоо. Ялангуяа хот, орон нутгийн сурагчдын дунд хоцрогдлын зөрүү их гарч байна?
-“Ковид-19” цар тахлын өмнөх ба дараах үе өөр. Дэлхийн банкны тайланд 100 хүүхэд тутмын 53 нь ямар нэгэн байдлаар хоцрогдолтой байгаа нь тодорхой болж байна. Энэ нь зөвхөн сургалтын хоцрогдол биш бөгөөд нийгэм, сэтгэл зүйн хувьд асар их хоцрогдолтой болж байна.
Монгол Улсын Засгийн газраас сургалтын хоцрогдлыг арилгах 3 жилийн цогц төлөвлөгөөг авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно. Тиймээс бид нар хуучин шигээ их давтлага өгч, хичээллэх цагаа нэмээд, хүүхдийг шахаж, хүчээр мэдлэг эзэмшүүлэх арга барилаасаа татгалзах ёстой.
Ямар хугацаанд мэдлэг эзэмшүүлэх вэ? гэдгийг тодорхойлоод багш нараа сургаад, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэн цар тахал, байгалийн гамшгийн үед ч тогтвортой боловсролын үйл ажиллагаа үргэлжилдэг байх. Багш зайнаас ч бай танхимаар ч бай хүүхдүүдээ удирдаад явах арга зүйд сурах, нөгөө талаас иргэд, эцэг эхчүүд хүүхдээ бие даан суралцах арга барилд шилжих шаардлагатай. Үгүй бол боловсрол тасалдвал хохирогч нь хүүхэд болно шүү дээ.
НҮБ, Юнеско, Дэлхийн банк гээд боловсролд анхаардаг олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар дэлхийн гурван улс тутмын нэг нь хоцрогдол арилгах стратегийг одоо хүртэл боловсруулаагүй гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улс 2021 оны тавдугаар сард гурван жилийн хугацаанд “Ковид-19”-оос үүссэн хоцрогдлыг яаж арилгах вэ гэдэг төлөвлөлтөө гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагуудтай хамтран 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл хийх арга хэмжээнийхээ төлөвлөлт, боловсруулалт, судалгаа тооцооллыг хийгээд ажлуудаа бэлэн болгосон.
Тийм учраас багш, эцэг эхчүүд хүүхдийг шахаж, чи яагаад теле хичээл үзээгүй юм, чи яагаад тэмдэглэл хөтлөөгүй, яагаад хоёр жил сураггүй болчхов гэсэн хандлагаар хандах юм бол тэр хүүхэд хэзээ ч сайн суралцаж чадахгүй, хэзээ ч багшдаа хайртай байж сургуулийнхаа хаалгаар итгэл дүүрэн орж чадахгүй.
Иймд нэгдүгээрт, нийгмийн сэтгэл зүйн асуудал буюу эргэх холбоо, хоёрдугаарт, нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүй байх асуудал, гуравдугаарт, бүх хүүхдүүдийнхээ гарааны түвшин ямар байгааг оношлох, дөрөвдүгээрт, цаашдаа хүүхэд бүрд тохирсон байдлаар нь ахиулах явдал юм.
Нэг ангийн 30 хүүхэд нэг ижил аргаар, нэг ижил сургалтаар яваад байх юм бол хоцорсон нь хоцроод л байна.
-Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах наснаасаа эхлүүлээд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмших нь тухайн улсын хөгжилд ямар ач холбогдолтой вэ? Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлавал?
-Нийгмийн бүх гишүүд өөрийн нийгмийг хөгжүүлэхэд тэгш оролцож, түүнийхээ үр шимийг хүртэж сайхан амьдрах ёстой, эрүүл орчинд аж төрж, сайн боловсрол эзэмших ёстой. Энэ бол тогтвортой хөгжлийн үндсэн зарчим.
Магадгүй тун удахгүй хүн төрөлхтний хэрэгцээг байгалийн нөөц баялаг нь хангаж чадахгүй болох эрсдэл тулгарахыг үгүйсгэхгүй. Дэлхий ертөнцийг хүний ухамсаргүй үйл ажиллагаа улам дордуулж хойч үедээ аюул занал учруулж байгааг бүх түвшинд ярьж бичиж, дэлхий нийт үүний эсрэг санаачилгад нэгдэж байна.
Иймд бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан зөв хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үедээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцөлийг нь сайжруулах ёстой гэж харж байгаа.
Ирээдүйн хойч үедээ бид зөв суурийг, зөв алхмыг, зөв үйл ажиллагааг өвлүүлж өгөх учиртай. Мэдээж зөв төлөвшилтэй, зөв хандлагатай, зөв боловсрол мэдлэгийг авснаар ЗӨВ ИРЭЭДҮЙН ИРГЭД нэмэгдэнэ. Ингэснээр хэнийг ч орхигдуулахгүй байх зөв бодлого төлөвлөлтүүд гарч ирнэ.
Бидний ирээдүй олон жилийн туршид хязгааргүй хэрэгцээгээ оновчтой төлөвлөж, зөв зохион байгуулж явах АМЬДРАЛД БЭЛТГЭГДСЭН дэлхийн хүнийг бий болгоход “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл чиглэж байна.
Ярилцсанд баярлалаа.