Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:
-Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ?
 -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Үүний дотор шугам сүлжээний засвараас үүдэн халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байгаа. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуй нэгж аравдугаар сарын 1-ээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний дагуу халаалтыг нь өгч эхлээгүй байна.
-Сургууль, цэцэрлэгийн 13 барилгын гаднах болон доторх инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай ч мөнгөгүй гэж байна. Засвар хийж чадахгүй бол эдгээр байгууллага өвөл хөлдөх үү. Асуудлыг яаж шийдэх вэ?
-Ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгүүдийн шугам сүлжээ их муудсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаар хэлэлцдэг. Ийнхүү тухайн жилийн өвөл хүндрэл үүсэж болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын шугам, сүлжээг Засаг даргын нөөц хөрөнгөөс төсөв гарган засварладаг. 2017-2020 оны хооронд нийт 113 сургууль, цэцэрлэгийн шугам, сүлжээг зассан байна. Ингэснээр өвөлдөө ямар ч шугам, сүлжээний асуудалгүй өвөлждөг юм. Энэ жил 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээнд засвар хийх хэрэгтэй гэх тооцоо гарсан. Засвартай холбоотой санхүүгийн асуудлууд төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Эдгээр барилгыг дотор нь эрэмбэлэн шат дараалалтайгаар засварлаж байгаа. Тус 13 барилгын халаалт хэвийн ажиллаж байгаа. Гагцхүү өвөл шугам, сүлжээнд нь гэмтэл, хүндрэл үүсэж магадгүй гэх үүднээс болгоомжилж, засвар хийхээр жагсаалтад оруулсан юм.

-Давс болон бодисын тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Хэдэн тонн давс, бодис импортлон нийлүүлэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ нийт 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 4000 гаруй тонн давс нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 500 гаруй тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2000 тонн тусгай зориулалтын бодис, 600 тонн давс авахаар тендер зарласны дагуу гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан. Үүний дагуу аравдугаар сарын 25 гэхэд ОХУ-аас шаардлагатай давс, бодисыг оруулж ирэх ёстой гэж заасан байгаа. Мөн дүүргүүд рүү харьяа орон сууцны доторх зам, туслах замуудын арчилгаа бүрэн шилжих бөгөөд дүүрэг өөрийн хөрөнгөөр замын арчлалтыг шийднэ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ