Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив. Өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үг хэлэв. Тэрбээр улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, нэгдэн мод тарьж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүн талархал илэрхийлснийг уламжиллаа. Мөн мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улс төрийн намууд нэгдэн нийлж мод тарьж байгаа нь үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.
Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжихээ илэрхийллээ. “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирогч болж, жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.“Баянгол Агро парк” 2014 оноос БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Парк нь эко сургууль байгуулж, эко сургалтад иргэдийг хамруулах, мод, бут, сөөг, цэцэг тарих, амралт, зугаалгын бүс бий болгох зорилготой юм.