Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно
“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд “Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байгаа. Зургаадугаар сард “Хариуцлагын гэрээ” байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан.
“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, “Хариуцлагын гэрээ”-г шинээр байгуулсан юм. Мөн есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Хотын даргын хувьд аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно" хэмээлээ.