Сайжруулсан шахмал түлш болон дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, борлуулалтын цэгийн тоо хүртээмжид онцгой анхаарч, иргэдийг хүйтний улиралд түлшээр тасралтгүй хангах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэдэд таниулж, дүүргийн хүн амын зорилтод бүлгийн нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.