Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ЯАРМАГ руу нүүж эхэллээ

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба Хангарди ордноос нүүдэллэж эхлээд байна.
Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна.

Яармагт барьж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөнө.

