Азичууд үүнээс ч аймшигт өвчнүүдийг ялж байсан

БНХАУ өвчний голомт болсон Үхань хотод хөл хорио тогтоож, бусад улс орнууд вирус бүртгэгдсэн талаар зарлаж, хүн төрөлхтөн нийтээр эмээж, коронавирус дэлхий дахины асуудал болоод байна.
Корона төрлийн вирусууд бол ерөнхийдөө тэмээ, сарьсан багваахай тэргүүтэй амьтдын өвчин. Харин хүнд тусдаг корона төрлийн вирусууд нь энгийн ханиад, халуурах гэх мэт хөнгөн хэлбэрээс нэг их хэтэрдэггүй. Гэхдээ хааяа коронавирусууд хүнийг маш хүндээр өвчлүүлсэн тохиолдлууд бас бий.
Чухам тэр л тохиолдлуудтай тэмцэж, бас ялж байсан арвин туршлага азичуудад бий.
САРС
Амьсгалын замын цочмог хам шинж буюу нийтийн нэрлэж заншсанаар САРС анх БНХАУ-д 2002 онд илэрсэн. Өндөр халдвартай тэрхүү вирус гарсан даруйдаа маш хурдан 37 орны 8000 гаруй хүнд халдварлаж, 774 хүний амийг авч одсоноос 600 гаруй нь БНХАУ болон Хонгконг хүмүүс байсан юм. Вирусыг 2003 он гэхэд хяналтандаа авснаар 2004 оноос хойш дахиж бүртгэгдээгүй билээ.
САРС-ийн шинж тэмдэг нь халуурах, даарах, бие загатнах бөгөөд ихэнхдээ уушигны үрэвсэл болдог байв.
Өвчний тархалтын дараа Хятадын Засгийн газар халдварт өвчин хяналтын системээ шинэчилж, мэдээлэл солилцох хэрэгсэл, шугамуудаа чанаржуулж, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай түргэн шуурхай харилцаж, үндэстэн даяар хэрэгцээт мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байв. Гэвч харамсалтай нь тэрхүү найдвартай систем нь Үханий вирусийн шинэ тохиолдлуудыг мэдээлэхэд удаан саатсан хэмээн өдгөө буруутгагдаад байгаа билээ.
МЕРС
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу нийтийн нэрлэж заншсанаар МЕРС бол коронавирусийн нэгэн төрөл. Энэ вирус анх 2012 онд Саудын Арабт бүртгэгдсэнээс хойш 26 оронд дэгдэж, 2500 хүн өвчлүүлсэн. Вирус чухамдаа тэмээнээс гаралтай хэмээн үздэг ч мутацид орж, хүнээс хүнд халдах чадвартай болсон байна. Халуурах, ханиах, амьсгаа богиносох гэх мэт шинж тэмдэг илэрч, зарим тохиолдолд уушигны үрэвсэл болдог. САРС вирусээс илүү хөнөөлтэй хэмээн тооцогдож байсан ба нийт 850 хүний аминд хүрсэн гэнэ.
2019 оны нэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсаас эх орондоо ирээд удаагүй байгаа эр Хонгконгийн баруун хэсгийн Ковлүн буудалд МЕРС өвчтэй гэдэг нь тогтоогджээ. Тэр даруй түүний сууж явсан хурдан галт тэргийг үйлчилгээнээс гаргаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн 2015 онд МЕРС БНСУ-д бүртгэгдэж, 196 хүнд халдан, 36 хүний аминд хүрсэн юм. Ойрхи Дорнодоос ирсэн 82 хүнийг МЕРС вирус тараасан хэмээн үздэг бөгөөд тэд бүгд сүүлд өвчний улмаас хорвоог орхицгоосон гэнэ.
H1N1 ГАХАЙН ХАНИАД
Энэ вирус 2009 онд дэгдэн 214 улсад 18 мянга гаруй хүнийг хөнөөсөн хэмээн лабратори баталдаг билээ. Хонгконгод 282 өвчтөнд хам шинж илэрснээс 80 нь нас барсан гэнэ.
Гэвч сүүлд цуглуулсан мэдээллүүдийг шинжилж үзсэн судлаачид гахайн ханиад эрүүл мэндийн тусламжийн хүрэлцээ хомс байсан өмнөд Ази, Африкийг оролцуулаад 575 мянган хүний аминд хүрсэн байж магадгүй хэмээн үзсэн байна.
ШУВУУНЫ ХАНИАД
Шувууны томуу H5N1 гэх ижил төрлийн вирус өмнө нь 1997 онд Хонгконгийн мах, шувууны захад үүсч, ямар нэг байдлаар хүнд халдан 18 хүн өвчлүүлэн, зургаан хүний аминд хүрсэн.
Уушигны үрэвсэлтэй ижил шинж тэмдэг үзүүлж, хэд хэдэн эрхтэнд хүчтэй нөлөөлдөг тэрхүү өвчний тархалтыг яаралтай зогсоохын тулд Хонгконгод 1.5сая гаруй тахиаг устгасан юм.
Дараа жилд нь гурван ч удаа H5N1 вирус дэгдсэн ч тэр нь Хонгконгод биш байв. Мөн дэлхий дахинд энэ вирус бүрэн арилаагүй хэмээн үзсээр байна.
ДЕНГЕ
Шумуулнаас үүссэн энэ вирус 2019 онд Азид тархсан бөгөөд түүхэндээ хамгийн аймшигт өвчнүүдийн тоонд орсон. Филиппинд л гэхэд мянга гаруй хүн нас барж, 400 мянган хүнд халдварласан байна. Мөн Тайландад дээрх вирусаар 100 хүн нас барж, Малайзад ч тархсан байна.
Халуурах, хөлрөх, бөөлжих, булчин, үе мөчний үрэвсэл болох шинж тэмдэг илэрдэг.
ЗИКА
Шумуулнаас үүссэн өөр нэг вирус 2015 онд Бразилд дэгдэн цаашлаад 50 орныг хамарсан байна. Латин Америкаас буцаж ирсэн гэх гурван хүнээс Хонгконгод илэрсэн бөгөөд БНХАУ-д 22 тохиолдол бүртгэгдсэн байна.
Зика вирус ерөнхийдөө хүнд биш, онцгой эмчилгээ шаарддаггүй ч жирэмсэн эхэд тусвал хэт жижиг толгой, дутуу тархи, мэдрэлийн асуудал, хараа, сонсголын доройтол гэх мэт ургийн гажиг үүсгэх аюултай.
ПЛИО
Өөр нэг урьдчилан сэргийлэх ёстой Азид дахин дэгдэж буй өвчин бол Полио буюу Полиомелит. Уг өвчин мэдрэлийн системд хүчтэй нөлөөлж, хэдхэн цагийн дотор эмчилгээгүй саажилтад хүргэдэг. Хүүхдүүдэд, ялангуяа эмнэлгийн тусламжийн хүрэлцээ муутай бүс нутагт маш хурдан тархдаг өвчин. Өдгөө Афганистан, Пакистанд энэ өвчин их байгаа.
Харин Малайзад дээрх өвчнийг ялснаас хойш 30 жилийн дараа буюу 2019 лны арванхоёрдугаар сард нярай хүүхэд уг өвчнөөр өвчилсөн байна. Мөн Филиппинд полиог ялан дийлснээ зарласнаас 19 жилийн дараа буюу өнгөрсөн жилийн есдүгээр сард гурван ч тохиолдол бүртгэгдсэн байна.
ИСПАНИ ТОМУУ
1918 онд Испаний томуу орчин үеийн түүхэн дэх хамгийн аюултай тахал болон дэгдэж, хүн төрөлхтний гуравны нэгд халдварлан 20-50 сая хүний аминд хүрсэн билээ. Тухайн үед дэлхийн нэгдүгээр дайн болж байсан нь өвчний тархалтыг улам дордуулж байсан юм. Хамгийн аймшигтай нь тэрхүү тахлыг үүсгэгч вирус нь 2009 оны H1N1 вирустай ижил юм.
Томуу, томуу төст буюу Ази ханиад 1957 онд хоёр сая хүний аминд хүрч байсан бол Хонгконг ханиад 1968 онд нэг сая хүн амиа алджээ. Ийнхүү сүүлд дэлгэрсэн ханиадууд нь Испаний ханиад шиг хүнд биш ч халдварлалтын хувьд аймшигтай, 4-5 хоногийн дараа шинж тэмдэг нь илэрдэг аж. Тухайн үедээ Хонгконгийн хүн амын 15 хувьд уг өвчин халдварлаж байжээ.
ХАР ТАХАЛ
Түүхэн дэх хамгийн аймшигтай, том гурван тахлын нэг энэ өвчин маш олон сая хүний аминд хүрсэн бөгөөд 13, 14-р зуунаас эхтэй аж. Хожим 1894 оны тавдугаар сард тахал Хонгконгод дэгдсэн юм. Үхлийн аюулыг эс тооцвол тахлын ачаар Хонгконгод амьдрах орчин, ариун цэвэр сайжирч, улмаар ардчилалд хүрэх замын эхлэл тавигдсан юм.
Энэхүү тахал ихэвчлэн мэрэгч амьтдад байдаг бөгөөд тахлын вирустэй бүүрэг нь хүнийг хазсан тохиолдолд хүнд халдварладаг байна. Тахлын үндсэн гурван төрөл байдаг нь булчирхайн, уушигны, септик. Булчирхайн төрөл нь илүү нийтлэг байдаг ба тэр нь өвчтөнүүдээ үхэлд хүргэх магадлал 40-80 хувь. Нөгөө хоёр төрөл нь бүр ч илүү аюултай.
2019 оны арваннэгдүгээр сард Өвөр Монголд нэг хүн зэрлэг туулай идсэний улмаас уушигны тахал тусч, өөр хоёр хүн мөн холбогдсон байна. Өвчнийг тухай бүрт нь дардагч үе үе дээрх мэт хэргүүд гарсаар сүүлийн таван жилийн хугацаанд зургаан хүн уг тахлаар нас баржээ.
ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Шинэ өвчинд одоохондоо вакцин байхгүй. Харин ДЭМБ-аас хүмүүсийг гараа тогтмол угааж, найтаах, эвшээхдээ ам, хамраа дарах, мах, өндөг зэрэг шим тэжээлтэй хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа билээ. Мөн амны хаалт зүүж бусдыг болон өөрийгөө хамгаалах нь их чухал юм.скачать dle 12.0

Холбоотой мэдээ