Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв.
Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2021-2025 он хүртэл "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.
Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа.
Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.