Шадар сайд эргэлзээ төрүүлэв

-Ө.Энхтүвшин сайд аа, “муу нуухаар сайн илчил” гэдэг юм шүү-
Монгол Улсын Шадар сайд хэмээх эрхэм албыг хашиж буй Ө.Энхтүвшинд итгэх нь эргэлзээтэй асуудал гэдгийг тэр өөрөө баталж байна. Тэр УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа буюу 16 жил сонгогдон ажиллаж байгаа. Гэтэл хамрынх нь дор асуудал үүсч, хажууд нь хууль зөрчиж байгааг ч мэдээгүй гэдэг тайлбарыг хийж байгаа нь мань хүнд дараагийн удаа итгэл үзүүлэх боломжгүйг харууллаа.
Аливаа асуудал, хэн нэгний хандлага жижигхэн зүйлсээс л анзаарагддаг. Тэр ч утгаараа Шадар сайд яг дэргэд нь үзэсгэлэн худалдаа болж байгааг огт мэдээгүй гэх тайлбарыг өчигдөр хэлсэн. Тодруулбал, Төрийн ордны хоёрдугаар давхарт “Үндэсний баяраараа-Үндэсний үйлдвэрлэлээ” аяны хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа болсон. Харин энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс сэтгүүлч асуухад “Тийм үү, би мэдээгүй юм байна” гэх тайлбарыг өгч байна билээ.
Уг нь түүний өөрийнх нь толгойлж буй Улсын онцгой комиссоос ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа. Гэтэл мань хүн нэг өдөр нь хориглох, маргааш нь мэлзэх маягтай байгаа нь түүнд цаашид итгэх эсэх эргэлзээг эрхгүй төрүүлж байна.
Энэ удаа Төрийн ордонд зохион байгуулсан үзэсгэлэн худалдааг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ" сарын аяны хүрээнд зохион байгуулсан нь гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, эх оронч худалдан авалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Харамсалтай нь цаг үе нь олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож таарчихсан гэсэн үг.
Уг нь “муу нуухаар сайн илчил” гэгчээр нэгэнт Төрийн ордонд эхлүүлчихсэн арга хэмжээг Шадар сайд Ө.Энхтүвшин “Одоо зогсоох үүрэг өгнө” гээд хэлчихсэн бол олон нийт түүнд итгэх байлаа. Түүгээр ч зогсохгүй урд хөршид дэгдсэн шинэ төрлийн вирусын халдвар манай улсад орж ирсэн эсэхэд иргэд эргэлзсээр байхад Шадар сайдын хэлсэн үг хамгийн үнэ цэнтэй байх ёстой. Харамсалтай нь Улсын онцгой комиссыг тэргүүлж буй хүн ийн худал хэлсэн нь мань хүний тарыг л таниулж орхилоо доо.
Б.Отгонзаяа 
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ