Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст хур бороо ихтэй байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 4, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар хур бороо ихтэй байх тул томоохон гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Түүнчлэн 2022 он гарсаар 10 аймгийн 17 сум, нийслэлийн 5 дүүрэгт усны ослын 28 тохиолдлоор 33 иргэн (хүүхэд 8) амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалж усанд осолджээ.
Иймд гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.