ХБНГУ-ын тамирчин Монголын баруун хилээс зүүн хязгаар хүртэлх замыг уулын дугуйгаар туулна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ХБНГУ-ын Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лохыг хүлээн авч уулзлаа.
Тэрээр Герман улсын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе энэ оны наймдугаар сарын эхээр Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар туулж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Тус аялал нь дугуйн спортоос гадна Монголын cоёл, уламжлал, үзэсгэлэнт байгаль, орчин үеийн дэд бүтцийн хөгжил тэр дундаа хэвтээ тэнхлэгийн мянганы авто замын хөгжил, дэвшлийг сурталчлах томоохон боломж гэдгийг ноён Маркус Лох онцлон хэлэв. Тэд аяллаа эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах тухайгаа танилцуулав. Дугуйн спорт нь байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ онцлог билээ. Энэхүү ажлаар Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Сайд Л.Халтарын зүгээс дээрх ажлыг дэмжихээ илэрхийлэв. Зочдын дайрч өнгөрөх аймаг бүрд Авто тээврийн үндэсний төвийн салбар, авто замын засвар арчлалтын цэгүүд байдаг тул салбар байгууллагуудтайгаа холбон шаардлагатай асуудлаар туслах, хамтран ажиллах боломжтойг хэллээ. Аяллын хугацаанд гадаадын болон дотоодын жуулчид орон нутагт ихээр зорчих тул замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, тав тухтай зорчиж, зорьсон хэргээ бүтээх их амжилт хүсэв.Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн, бизнес эрхэлдэг, экстрим спортын тамирчин юм. Тэрбээр сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, Австралийн баруунаас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн гайхалтай дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм.