“Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол улс дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын Олон улсын байгууллагууд, гадны хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид, дотоодын хувийн хэвшлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаагаараа онцлог, түүхэн арга хэмжээ болж байна. Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ "Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна.

Мөн эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг "ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал" хэмээн тодорхойлоод энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.