Д.Амарбаясгалан: Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ

Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан "Эрдэнэс Тавантолгой" ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.
Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.