“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ хоёрдугаар 11-12-ны өдрүүдэд болно
“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ 2023 оны хоёрдугаар 11-12-н буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд "Скай резорт" цанын баазад болно.
Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа хэмээн зохион байгуулагч нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.
Мөн уг арга хэмжээний үеэр "City tour" буюу хотын аяллын автобус иргэдэд үйлчлэх бөгөөд тасалбарын үнэ 2,000 төгрөг.
Наадмын үеэр
Мөсөн сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
Снөүбоардын тэмцээн
Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Шүхрийн үзүүлбэр
Шувуулахуйн үзүүлбэр
Снөүбоардын үзүүлэх тоглолт
Нохой чарганы үйлчилгээ
Хоол ундны үйлчилгээ
Цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 1,000 орчим баг, тамирчид оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг Монгол туургатан улсуудын зургаан багийн 60 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ.