Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад Улаанбаатарын хөрөнгө оруулалтын бодлого, шийдлийг танилцуулав
Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг гуравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, "Нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, шийдэл" сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр мөн энэ оны хамгийн анхны хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Монголын залуучуудын холбоо санаачилгаараа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, цаг үеэ олсон чухал ажил болж байгааг онцолж, баяр хүргэсэн юм. Цаашид энэ мэт хөрөнгө оруулалтын уулзалтыг олон хийх нь Улаанбаатар хотын худалдаа, үйлчилгээ эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгийг ч мөн онцолсон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар бол залуусын хот. Хүн амын 67 орчим хувь нь 35-аас доош насны залуус. Мөн Монголын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, нийт эдийн засгийн 70 орчим хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс Улаанбаатар хотын хөгжил нь зөвхөн нийслэл хотын тухай асуудал бус, харин Монгол Улсын өмнө хүлээж буй үүрэг хариуцлага, манлайлал юм. Энэ утгаараа бид дэлхийн улс орон болон дэлхийн хотуудтай найрсаг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг чухалчилна. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин, Чэндү зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцааг хөгжүүлэн ажиллаж байна хэмээлээ.
БНХАУ-ын хотуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазар Бээжин хотын дарга Ин Юны урилгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-17-ны өдрүүдэд Бээжин, Тяньжин, Чунчин хотод ажлын айлчлал хийж, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрч ажилласан.
Цаашид ч хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэлт, өөрчлөлт, чиг хандлагыг эдийн засаг, бизнесийн санал санаачилгадаа хамруулан тусгаж, энэ чиглэлд хамтран ажиллахыг зорьж буйгаа тэрбээр Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр илэрхийлэв.
Улаанбаатарын хувьд цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, татварын таатай нөхцөлийг санал болгож, найдвартай хамтын ажиллагааг чухалчлан үздэг эдийн засаг, бизнес төвтэй хот болон хөгжихийг чухалчилж буйг Хотын дарга онцоллоо.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгч оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.