ОБЕГ: Салхи шуурга ихтэйн улмаас гарсан түймэр богино хугацаанд их талбайг эзэлж байна
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ой, хээрийн түймрийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах чиглэлийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэд хурандаа Ц.Нямбаяр: "2023 оны 4-сарын 10-ны байдлаар он гарснаас хойш Монгол улсын нутаг дэвсгэрт 8 аймгийн 17 суманд 25 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан сумаас 4-р сарын 8-ны 13:00 цагт гарсан түймэр, Дорнод аймгийн Халх гол, Мадат сумдаар тархсан түймэр дээр Онцгой байдлын албанаас Дорнод, Сүхбаатар аймгийн онцгой байдлын 72 алба хаагч Дорнод аймгийн онцгой байдлын ахлагч Нармандахаар удирдуулан ажиллаж байна. Мөн Булган аймгийн Худаг-Өндөрт гарсан түймэр дээр ажиллаж өчигдрийн байдлаар түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг өнөөдөр унтрааж сум, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн. Мөн Дорнод аймгийн Булган суманд гарсан түймэр дээр Сүхбаатар аймгийн Түмэн-Цогт сумын алба хаагчид ажиллаж байна.
Нийт нутгаар ойн түвшинд заасан хуурайшилт их байгаа. Тухайн гарсан түймрүүд нь богино хугацаанд их газрыг хамарч байна. Монгол улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу өнөөдөр өглөө Үндэсний аврах бригадын холбогдох алба хаагчид, зэвсэгт хүчний 303-р ангиас онцгой байдлын ХХАА-ны дэд хурандаа Соронзонболдоор ахлуулсан бүлэг нислэг үйлдсэн. Салхи шуурга ихтэйн улмаас гарсан түймэр богино хугацаанд их талбайг эзэлж байна.
Иймд ард иргэддээ уриалахад хуурайшилт ихтэй үед галын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна. Сүхбаатар аймагт гарсан түймэр иргэний болгоомжгүй байдлаас болж гарсан нөхцөл байдал тогтоогдсон" гэв.