Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.13/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам долларт хүрч сайжирлаа. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага бий болоод байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа гэлээ.
Тухайлбал хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурьд итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж, суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн байна.
Төрийн аудитын байгууллага Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн хэмээн Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, цэрэг офицеруудын цалин хэд байгаа вэ, цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа юу, энхийг сахиулагчид хэрхэн цалинжиж байна вэ хэмээн тодруулсан.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, 2016 онд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний тайван цагийн үүрэг нэлээн тэлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчин стратегийн бүтээн байгуулалтын болоод улс орныг хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Үүнтэй холбогдуулан шинээр байгуулсан барилга, инженерийн цэрэг 2020 оноос албан ёсоор байлдааны тугаа хүлээн авч ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш зууны хэмжээнд яригдахаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Зүүнбаян-Таван толгойн төмөр замын суурийн ажлыг 100 хувь, дэд бүтцийн ажлын 30 хувийг, өртөө, зөрлөг, дэд бүтцийн ажлуудыг нь бүрэн хэмжээнд хийсэн. Чанарын өндөр түвшинд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 216 км төмөр замын ажлын 48 орчим хувийг нь зэвсэгт хүчин дангаараа хийсэн. Одоо ч стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Богд хаан төмөр замын ажлыг эхлүүлсэн, Гашуун сухайтад ухаалаг терминалын дэд бүтцийг хийж байна. Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцын ажлыг гүйцэтгэж байна.
Цалин хөлсний тухайд энэ удаад шинэчлэл хийж байна гэж манай салбарынхан ойлгож байгаа. Энэ удаагийн төсвийн тодотголоор цалингийн асуудлыг нэг мөр шийдэж байгаад батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн талархаж байгаа. Одоо офицеруудын, ахлагч, мэргэжлийн цэргийн албан хаагчдын цалин нэг түвшинд очно гэсэн ойлголттой байгаа хэмээн хариулсан.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ