Э.Батшугар: Байгалийн баялагийн өгөөжийг нийт Монголчууд жигд, тэгш хүртэх ёстой
УИХ-ын чуулганаар /2024.04.19/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталсан. Энэ хууль бол Монгол хүн, Монгол газар, баялагтаа эзэн байх түүний үр шимийг тэгш, шударга хүртэх эрх зүйн үндэс баталгаажсан явдал юм.
Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас байр суурийг нь авлаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Үндэсний баялагийн сангийн тухай хууль УИХ-аар батлагдсан.
Монгол Улсаас гарч байгаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын орлогыг шууд эдийн засгийн эргэлтэд оруулна. Гурван сангаас бүрдэж байна. Ирээдүй өв сан бол баялагийн орлогоо ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх зорилготой сан. Хуримтлалын сан гэж бий. Гурван зүйлд зарцуулагдах консепцтой. Орон сууц, эрүүл мэнд, боловсрол. Хөгжлийн сан бол Монгол Улсын бүсчилсэн хөгжил болоод томоохон мега төслийг санхүүжүүлэх зорилготой.
Газар доорх баялаг хэн нэгний өмч биш. Ямар ч хүн үүнийг бүтээгээгүй. Харин байгаль дэлхий нийт Монголуудад заяасан баялаг.
Энэ утгаараа нийт Монголчууд өгөөжийг нь жигд, тэгш хүртэх ёстой.
Энэ хүртээмжийг авах хамгийн зөв механизм бол баялагийн сан.
Энэ зөвхөн Монгол Улсад хэрэгжиж буй зүйл биш. Бусад улс орнуудад хамгийн зөв хэрэгжсэн практик юм. Норвегийн хуримтлалын сан байна. Газрын тосны орлогоороо бүрдүүлдэг. Сингапурын Темасек болон Улсын үндэсний сан байна. Худалдааны ашгийнхаа илүүдэл орлогоор бүрдүүлдэг. Өнөөдөр байгаа их хэмжээний орлогоо яаж нийгэм эдийн засагтаа зөв зарцуулах уу? Яаж ард түмэндээ жигд тэгш хуваарилах уу? Яаж ирээдүй хойч үедээ үлдээх вэ? гэсэн консепц явж байгаа. Уул уурхайн биржээр бүх нүүрс, төмрийн хүдэр, зэс арилжиж эхэлнэ.
Биржээр бүх наймаа явна гэдэг ил тод болно. Орлого нь шууд Монгол Улсын эдийн засагт эргэлдэнэ.
Орлогын зарцуулалт нь баялгийн санд очоод ил тод болно. Ийм том консепцийг Монгол Улын их хурал, Загийн газраас өргөн барьж баталж чадлаа” гэв.