Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламент шинжлэх ухаанч байгаасай гэдэг үүднээс бодлогын шийдвэр гаргасан
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академи /ШУА/-тай ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын парламентын түүхэнд амжилтаа бататгаж, алдаагаа дэнсэлж, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг тусгасан цоо шинэ парламентын эрин үеийг бид эхлүүлж байна. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны эрдэмтдээ сонсолгүйгээр бодлогын тогтворгүй байдалтай явж ирсэн. Олон жил бид шинжлэх ухааны салбарыг бодлогын гадна үлдээж ирсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс шинэ 30 жилийг эхлүүлж буй нээлтийн өдөр би шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ уулзаж, ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт оруулсан. Бид Монгол Улсын парламент шинжлэх ухаанч байгаасай гэж бодлогын шийдвэрийг гаргасан юм. Төлөөллийн нийгмийн парламент бүрдүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан. ШУА парламентад өөрийн төлөөлөлтэй болсноороо эрхзүйн орчноо өөрчилж, оролцоогоо хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: “Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн нээлтийн өдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт дэвшүүллээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны хөгжилд хэрхэн анхаарахаа нийгэмд үзүүлж байгаа илрэл гэж ойлгож байгаа. Бид цаашид санамж бичгийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монголын нийгмийн шинэ 30 жилд шинжлэх ухааны салбар бодитой хувь нэмэр оруулж чаддаг гэдийг харуулах ёстой. Ирэх жилүүд шинжлэх ухаан технологийн сэргэлтийн жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ШУА-ийн эрдэмтэн судлаачдыг төлөөлөн үг хэлсэн юм.