Дугуйгаар 14000 км замыг туулсан Б.Очирваань эх орондоо ирлээ
Б.Очирваань нэг жил нэг сарын өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан түүхтэй.
Тэрбээр эх орондоо ирэхээс хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудастаа "Нисэх буудлаас хурдны зам дуустал машинаар, Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйгаар явахаар төлөвлөөд буй. Тиймээс Нисэхийн тойргоос эсвэл Төв талбай хүрэх замаас дугуйтай иргэд нэгдэх боломжтой. Улмаар дугуйтай парад үүсгэж, “Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагуудад харуулахыг, дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулахыг, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулъя. Дугуйчид маань нэгдээрэй" хэмээн уриалсан юм.
Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсанаа тэрбээр цаг тухай бүртээ цахим сүлжээгээр мэдээлсээр байсан юм.
Түүний тухай гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрсэн.
Тэрбээр Director's box буюу хүндтэй эрхмүүдийн суудаг VIP хэсэгт домогт дасгалжуулагч Алекс Фергюсон тэргүүтэй хүмүүстэй хамт сууж Арсенал, Манчестер Юнайтедын тоглолтыг үзжээ. Энэ суудлаас тоглолт үзэхэд 9000 орчим фунт стерлинг буюу 38 сая төгрөгөөс эхэлдэг аж.
Өөрийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд тусалсан гэр бүл найз нөхөд урт аялалын туршид тусалсан бүхий л хүмүүст талархлаа илэрхийлж байсан юм. Залуус минь хүс, мөрөөд, биелүүл. Том мөрөөд хэмээн залуусыг уриалж байв.