2020: Сонгуулиар “амьсгалах” жил
Малын тоо жилээс жилд өсөж, энэ онд 70.9 сая толгойд хүрлээ. Гэсэн ч чанаргүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй олон малын сөрөг тал нь үр ашгаасаа илүү байна. Монгол малын махны экспорт нэмэгдэхгүй, цөлжилт тэлж, хөрсний доройтол, ургамлын ховордол гээд хөдөө аж ахуйд нэн тулгамдсан асуудлууд дур зоргоороо эрхэлдэг мал аж ахуйн салбартай холбоотой. Үүгээр зогсохгүй махны бизнесээ гаднынханд атгуулсны гороор хүн амаасаа 23 дахин их малтай ч сарынхаа цалингаар ганцхан бод худалдаж авдаг эмгэнэл манайд л бий.
Махны экспортоо нэмэгдүүлэх нь эдийн засагт чухал гэдгийг олон жил ярьж байгаа ч өнгөрсөн онд мах, махан бүтээгдэхүүний экспорт буурсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд 132.2 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан нь өмнөх оноос 17.2 сая ам.доллараар буюу 27.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд төр засгийн шийдлээс илүүтэй монгол малын эрүүл ахуйн асуудал их нөлөөлж буй нь ойлгомжтой. Аймаг бүрт малын халдварт өвчин тархчихаар манайхаас хэн л мах авах сонирхолтой байх билээ. Тиймээс бидний хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь малын эрүүл мэндийг хамгаалах явдал.
Тэгвэл малын эрүүл мэндийг сайжруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий зээлийн хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцлөө. Тодруулбал, Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Энэхүү хэлэлцээрийг 2013-2017 оны хороонд хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хоёрдугаар үе шат болгон хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь байхаар тооцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг таван аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан. Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн II үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байна” гэсэн юм.
Гэтэл зээлийн мөнгийг малын эрүүл мэндийг сайжруулах бодит ажилд зарцуулахгүй, дүрэм журам боловсруулж цаас болгох нь гэсэн шүүмжлэл гарав. Өөрөөр хэлбэл, зээлийн 20 сая ам.долларын таван сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулахаар төлөвлөснийг холбогдох албаныхан мэдээллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн эрх зүйн орчныг бий болгох, тогтолцоог хөгжүүлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэнэ.
Мөн есөн сая ам.долларыг малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахаар төлөвлөсөн байна. Харин дөрвөн сая ам.долларыг мал эмнэлгийн цахим үйлчилгээнд, хоёр сая ам.долларыг малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнээс малын эмч нарыг чадавхжуулахад зарцуулах ч тодорхой хөрөнгө төлөвлөгөөгүй гэнэ. Энэ мэт асуудлыг УИХ-ын гишүүд шүүмжилсэн ч зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн. Харин одоо 30 сая ам.долларыг цаас болгох уу, бодит ажил болгох уу гэдэг нь Засгийн газрын эрх мэдлийн асуудал.
Ингээд хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг шүүмжилсэн гишүүд хийгээд тайлбарласан албаны хүний үгийг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манайхан “Хийж байгаа хуваарилалт шог” гэж ярьдаг даа. Үүн шиг зээлийг зарцуулах хуваарилалт нь ойлгомжгүй байна. Тухайлбал, 20 сая ам.долларыг нь дөрвөн бүрэлдэхүүн ажилд зарцуулна гэнэ. Таван сая ам.доллараар дүрэм, журам сайжруулах юм уу. ХХААХҮЯ-ныхан өөрсдөө юу хийх юм бэ. Хоёрдугаарт, есөн сая ам.доллар буюу 25 тэрбум төгрөгөөр малын өвчний тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулна гэнэ. Гуравдугаарт, дөрвөн сая ам.доллар буюу 11 тэрбум төгрөгөөр цахим үйлчилгээнд, хоёр сая ам.доллар буюу 5.5 тэрбум төгрөгөөр олон нийтийн оролцоог сайжруулна гэнэ. Энэ мэт бичиг цаасны ажилд 20 сая ам.доллар нь зарцуулах нь.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан: Зөвхөн бодлого эрх зүйн орчныг сайжруулаад орхих биш. Үүнтэй уялдсан олон ажил бий. Мал эмнэлгийг тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр одоо хэрэгжиж буй хууль эрх зүйг олон улсын жишигтэй нийцүүлнэ. Олон төрлийн өвчинтэй тэмцэх зааврууд бий. Дараа нь мал эмнэлэгт ирүүлсэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлууд бий. Тухайлбал, баруун бүсийн долоон аймгийн малыг шүлхий өвчнөөр өвчлөөгүй гэдгийг Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулах шаардлага байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зээл авч хийх шаардлагатай ажил байгаа юм уу. Заавал хүүтэй зээл авч хийх ажил гэхээр зүйл алга л байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 30 сая ам.долларын зээлийг ийм хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй гэдгийг шууд хэлье. Ийм байж болохгүй. Дүрэм журам боловсруулахад таван сая ам.доллар, цахимжуулалтад дөрвөн сая ам.доллар зарцуулна гэж юу байх вэ. Цахимжуулах ажлыг нэг компанид хариуцуулаад дөрвөн сая ам.доллараар биш дөрвөн сая төгрөгөөр л хийчихнэ шүү дээ. Ийм утгагүй зүйл байхгүй. Зээлийг авах хэрэгтэй. Гэхдээ зөв зүйлд зарцуул.