Цогт сумын засаг дарга Л.Насанбуян нарын 7 хүн үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр шалгагдаж байна
Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга Л.Насанбуян, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, сумын тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг нарын 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.
Цогт сумын засаг дарга Л.Насанбуян, Тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрхэмбаяр, аймгийн соёлын газрын ажилтан Ц.Баасанжав, Баянтоорой тосгоны төсвийн нягтлан Ц.Алтанзагас, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар нар нь үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийн хувьдаа “завшсан”, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж хэргийг шүүх руу шилжүүлээд байгаа юм.
Шүүх 2023 оны 11-р сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг зарласан боловч хэрэгт холбогдогч Л.Насанбуян, Д.Цогзолмаа, Т.Сүхбаатар, Ц.Баасанжав нарын удаа дараагийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл шүүх хурал 8 удаа хойшилжээ.
Цогт сумын засаг дарга Л.Насанбуян, Тамгын газрын дарга Д.Цогзолмаа, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар нарын 7 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 буюу “...нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн”, 22.1.1 буюу “... Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” , 22.8-1.1 буюу “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг, зориулалтын бусаар зарцуулсан” зэрэг үндэслэлээр зүйлчилжээ.