Дагуул хот ба эдийн засаг
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад байгаа тухай өмнөх парламентын хугацаанд баахан ярьсан.
Дагуул хот байгуулахын ач холбогдлыг эдийн засгийн ач холбогдол талаас нь ч багагүй ярьцгаасан ч тэгсхийгээд намжсан.
Тэгвэл мөн л энэ парламентын хугацаа дуусах дөхөж байхтай зэрэгцэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын дарга Г.Занданшатарт "Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
"Дагуул хот байгуулах нь" гэж баярлах ч "Өө, энэ ч түрүүчийнх шиг замхрах юм байна даа" гэж бодогдов. Гэхдээ энэ удаад арай л нааштай, бас ч гэж чихэнд овоо наалдацтай мэдээ сонстов. Тодруулбал, нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн чухал, таатай орчин бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах юм гэнэ.
"Аэросити" хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн гэж байгаа. Зам дагаж хөгжил гэдэг болохоор овоо нааштай дүр зураг харагдаж байгаа юм.
Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөсөн гэх. Тэгээд зарим их дээд сургуулийг тэр тусмаа улсын сургуулиудыг тус хот руу нүүлгэн шилжүүлэх юм байх. Учир нь манай улсын их дээд сургуулиудын 88.5 хувь нь Улаанбаатар хотод байршдаг ба нийт оюутан сурагчдын 95.4 хувь нь суралцдаг гэх тоо баримт бий. Хэрэв уг тогтоолын төсөл батлагдвал нийслэлийн хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тогтвортой хөгжих, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломж бий гэх дүр зураг харагдаж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт хүн амын 67 хувь буюу 2.2 сая нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая орчим нь нийслэлд амьдардаг аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь, аж ахуйн нэгж байгууллагуудын 70 орчим хувь нь хот суурин газарт төвлөрч ДНБ-ний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг байна.
Мөн томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгосоор байгаа. Иймд дагуул хотын асуудлыг даруй шийдэх нь өнөөгийн хэрэгцээ шаардлага юм.