Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Даваад баяр хүргэж, Монгол Улс ОХУ-ын цаг үеэр шалгарсан эртний найрсаг хөрш гэдгийг тэмдэглээд өнгөрсөн онд хамтдаа Халх голын 80 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснийг дурсжээ. Түүнчлэн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд хугацаагүй гэрээ байгуулсан, улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглээд, Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад орноос ОХУ-д суух 23 Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дотор Их 5 буюу НҮБ-ийн Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүн 5 улс болох БНХАУ, АНУ, Их Британи болон Франц Улсаас тус улсад суух Элчин сайд нар багтжээ.