Х.Тэмүүжин: АН-ыг "харлуулах" гэж байгаагийн эсрэг хатуу зогсоно
Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан хоёр албан хаагчид тохож байгаа нь АН-ыг харлуулах гэсэн үйлдэл хэмээн тус намын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.
Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнууд буюу НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна хэмээн Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа мэдээллийн эхэнд тодотгов. Тиймээс Ардчилсан намаас нөхцөл байдалтай холбоотой үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагатай гэж үзжээ.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, хуулийн байгууллагын ажилд саад болохгүй ч цаанаа эрх баригчид АН-ыг харлуулах гэж байгаа бол үүний эсрэг хатуу зогсоно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, "2008-2012 онд нийгмийн даатгалын сангийн банканд байршсан орлогыг үзвэл 47 тэрбум төгрөг байна. Харин хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс 2013-2016 онд өмнө нь байсан гэрээг шинэчилснээр, нийгмийн даатгалын санг банканд байршуулж 268 тэрбум төгрөгийн ашиг олсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 7-8 жилийн хугацаанд олсон 47 тэрбум төгрөгийг 268 тэрбум төгрөг болгон нэмж ашигтай ажилласан. Гэтэл 2017-2019 оны хугацаанд тус санд ажилласан албан тушаалтнууд мөн адилаар нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд байршуулсан ч дээрхтэй ижил хэмжээний мөнгө банкны дампууралд алдан" хэмээв.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2017-2019 онд НДЕГ-аас Капитал банканд байршуулсан. Гэтэл уг хэрэгт 2012-2016 онд албан тушаал хашиж байсан хүмүүсийг холбогдуулан цагдан хорьсон нь эрх баригчдын санаатай зохион байгуулсан үйлдэл хэмээн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин тэмдэглэлээ. Капитал банканд төрийн 31 байгууллагын нийт 375 тэрбум төгрөгөөс гадна нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөг хадгалагдаж байсан бөгөөд 2019 онд тус банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан байна.
2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд хадгуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй аж. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, уучлал хүсэхийг тус намаас шаардав.