Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн нэгж байгуулахыг дэмжив
Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Тэгвэл төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулах асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.
Гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох, хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах төслүүдийг хэрэгжүүлэх хүнсний хог хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил хийх аж.
Энэ хүрээнд таван хорооны 10 өрхийн дунд иргэдийн оролцоотой таван сургууль, таван цэцэрлэгийн дунд сурагчдын оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах, хүнсний хог хаягдлаар өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгууламж барихаар зорьсон байна.
Хуралдаанаар “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг дэмжив.